50 ДАХЬ ДОЛОО ХОНОГ: Хятадын худалдааны ашиг анх удаа 1 их наяд доллароос давлаа

ТОЙМ
Jargal.d@montsame.mn
2025-12-13 10:55:33

УЛААНБААТАР, 2025 оны арванхоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн долоо хоногт Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Европын удирдагчидтай дахин уулзсан бол АНУ-ын үндэсний аюулгүй байдлын шинэ стратегийг нийтэлсний дараахан Д.Трамп Европын удирдагчдыг шүүмжлэв. Түүнчлэн хүүхдүүдийг нийгмийн сүлжээ хэрэглэхийг хориглосон дэлхийд анхны хууль Австралид хэрэгжиж эхэлсэн байна. Мөн Хятад улсын худалдааны ашиг анх удаа 1 их наяд ам.доллар давлаа. Ингээд өнгөрсөн долоо хоногт дэлхий дахинд өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. 


Тайланд, Камбожийн хилийн мөргөлдөөн дахин дэгдлээ

Камбож, Тайландын хилийн маргаантай бүсэд дахин зэвсэгт мөргөлдөөн гарлаа. Мөргөлдөөний улмаас бүс нутгийн хэдэн зуун мянган хүн орон гэрээ орхихоос аргагүйд хүрсэн бол одоогийн байдлаар 19 хүн амь насаа алджээ. Хоёр улсын цэргүүд их буугаар харилцан гал нээсэн байна. Тайландын тал Камбожийн баазуудад цохилт өгөхөөр сөнөөгч онгоцуудаа илгээсэн бөгөөд өнгөрсөн аравдугаар сард талууд гал зогсоох гэрээнд гарын үсэг зурснаас хойших хамгийн ширүүн мөргөлдөөн боллоо. Тайландын тал Камбожийг мина тавьсаар байгаа гэж буруутган өнгөрсөн сард гал зогсоох хэлэлцээрээс түр гарчээ. 




Японы тал Хятадад эсэргүүцлээ илэрхийлэв

Япон улс БНХАУ-ын Элчин сайдыг дуудан ирүүлж, Окинавагийн ойролцоо тэнгисийн цэргийн сургуулилалт хийсэнд эсэргүүцлээ илэрхийлжээ. Шинэ Ерөнхий сайд Такаичи Санаэ "хэрэв Хятад Тайваньд халдвал Япон хариу арга хэмжээ авна" гэж мэдэгдсэний дараа хоёр улсын харилцаа хурцдаад байгаа билээ. Японы энэ бүсэд мөн Оросын цэргийн нисэх онгоцнууд ажиглагдсаны дараа Америкийн бөмбөгдөгч онгоцнууд Японы сөнөөгч онгоцуудтай хамт нисэж, тус улсыг дэмжиж байгаа гэдгээ харууллаа. Өмнөд Солонгосын тал мөн Хятадын болон Оросын нисэх онгоцнууд агаарын довтолгооноос хамгаалах бүсэд нь нэвтэрсэнтэй холбогдуулан албан ёсоор эсэргүүцэл илэрхийлжээ.



Хонконгийн сонгуульд зөвхөн шалгуулсан “эх орончид" оролцов

Хонконгийн хууль тогтоох байгууллагын сонгууль боллоо. Засгийн газар сонгуулийн ирцийг нэмэгдүүлэхийн тулд худалдан авалтын хөнгөлөлтийн "талархлын карт"-ыг тараахыг оролджээ. Гэвч бүртгэлтэй сонгогчдын 32 хүрэхгүй хувь нь саналаа өгсөн нь 2021 оны оролцооны хамгийн доод түвшнийг дөнгөн данган давсан үзүүлэлт юм. Сонгуульд зөвхөн сайтар шалгуулсан “эх орончдыг” нэр дэвшихийг зөвшөөрчээ.



Хүүхдүүдэд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох тухай анхны хууль хэрэгжиж эхэллээ

Австралид 16-гаас доош насны хүүхдүүдэд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох тухай хууль хэрэгжиж эхэллээ. Дэлхийд анх удаа хэрэгжиж буй энэхүү хоригийг  бусад улс орнууд анхааралтай ажиглах нь ойлгомжтой. “Instagram”, “TikTok” зэрэг томоохон платформууд одоо 16-гаас доош насныхны хаягийг хаах үүрэг хүлээжээ. Нийгмийн сүлжээнүүд хэрэглэгчдийн цахимд хэр идэвхтэй байгаагаар нь үндэслэн насыг нь таамаглан тодорхойлдог технологийг ашиглах аж.


Европын удирдагчдыг Д.Трамп шүүмжлэв

Д.Трамп Европын удирдагчдыг “сул дорой”, “улс төрийн хувьд хэт баригдмал” хэмээн шүүмжиллээ. Тэрбээр хэлэхдээ, асар олон цагаач, дүрвэгчийн урсгал Европын орнуудад сүйрэл авчирсан бөгөөд ийм байдлаар удаан “оршин тогтнох боломжгүй” болж магадгүй гэв. Трамп ийм шүүмжлэлийг АНУ-ын үндэсний аюулгүй байдлын шинэ стратегийг нийтэлсний дараахан хэлсэн юм. Уг баримт бичигт Европын холбоотнуудаасаа ялгаатай байдлыг урьд өмнөхөөсөө ил тод, шулуухан үнэлжээ. Түүнчлэн Европ “соёл иргэншлийн мөхлийн бараан ирээдүйтэй” тулгарч байгааг онцлоод, Америк энэ бүс нутгийн “одоо байгаа чиг хандлагыг залруулахад” туслах ёстой гэж дурдсан байна.




В.Зеленский Европын удирдагчидтай уулзав

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский газар нутгийн асуудлаар буулт хийлгүүлэхийн тулд үзүүлж буй Америкийн шахалтыг эсэргүүцэж, Европоос дэмжлэг авах зорилгоор Их Британи, Франц, Германы удирдагчидтай дахин уулзлаа. Трампын элч төлөөлөгчид Зул сарын өмнө тохиролцоог зөвшөөрөхийг Зеленскийд зөвлөсөн гэж мэдээлж байна. Украины Ерөнхийлөгч хэлэхдээ "хэрэв АНУ болон бусад холбоотнууд сонгуулийн үеэр аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлбэл ерөнхийлөгчийн сонгуулийг явуулахад бэлэн" гэдгээ илэрхийллээ. Зеленскийн таван жилийн бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн онд дууссан юм. Трампын хүрээллийн зарим хүн үүнийг ашиглан Украиныг үнэхээр ардчилсан улс мөн эсэхэд эргэлзээ төрүүлэхийг оролдож байна гэж зарим ажиглагч үзэж байна.


Асадын дэглэм унаснаас хойш нэг жил өнгөрлөө 

Ахмед аль-Шараа удирдсан босогчдын хүчнүүд олон жил засагласан Башар аль-Асадын дэглэмийг түлхэн унагасны нэг жилийн ойг Сирид тэмдэглэв. Одоо Сирийн түр Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа, өмнө нь жихадист байсан аль-Шараа  ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ, бүх сиричүүдэд зориулсан Сири улсыг байгуулах амлалт өглөө. Тэрбээр засгийн эрхийг гартаа авснаас хойш түүний засгийн газарт үнэнч  шашны бүлэглэлүүдийн хүчирхийлэл олон удаа гараад байгаа юм.


Иордан голын Баруун эрэгт 2022 оноос хойш анх удаа Зул сарын гацуур модны гэрлийг асаав

Гацуур модыг Баруун эргийн Вифлеем хотын христ шажинтнуудын сүмийн өмнө засжээ. Энэхүү ёслолд олон палестинчууд оролцож, Газын зурваст гал зогсоох хэлэлцээрийг талууд үндсэндээ дагаж мөрдөж байгаа тул ирэх шинэ онд илүү сайхан цаг ирнэ гэж найдаж байгаагаа илэрхийллээ. Харин Вифлеемын хотын захирагч “сүүлийн хоёр жил хүнд байсныг” хүлээн зөвшөөрөв.


Хятадын худалдааны ашиг анх удаа 1 их наяд ам.доллар давлаа
Америкийн тарифын дарамтыг зөөлрүүлэхийн тулд бусад зах зээл рүү чиглэсэн бодлого нь амжилттай болсныг харуулж, Хятадын худалдааны ашиг анх удаа 1 их наядыг ам.долларыг давлаа. 2025 оны эхний 11 сарын байдлаар ашиг 1.1 их наяд долларт хүрч, 2024 оны 992 тэрбум ам.долларын үзүүлэлтийг давсан байна. Хэдийгээр АНУ руу хийсэн экспорт огцом буурсан боловч тус улс бусад орнуудтай бизнесийн шинэ харилцаа тогтоожээ. Тухайлбал, Европын Холбооны орнууд руу хийсэн экспорт эрс өссөн нь Эммануэл Макроныг "хоёр улсын худалдааны тэнцвэр тэвчих аргагүй байна" гэж гомдоллоход хүргэжээ. Трамп мөн байнга ийм гомдол хэлдэг байсан юм.



Warner Bros Discovery-г худалдан авахын төлөөх өрсөлдөөн эхлэв

Warner Bros Discovery компанийг худалдан авахын төлөөх асар ширүүн өрсөлдөөн Холливудад эхэллээ. Netflix компани Warner Bros Discovery-н хөрөнгийн ихэнхийг 83 тэрбум ам.доллароор худалдаж авах нөхөрсөг санал тавьсан боловч Paramount компанийг бүхэлд нь 108 тэрбум ам.доллароор авах санал тавьснаар өрсөлдөөн хурцдав.

Д.Трамп монополийн эсрэг асуудлыг хөндсөн нь Netflix-ийн хэлцэл хийх эрчийг сулруулсан бололтой. Paramount-ыг Дэвид Эллисон эзэмшдэг бөгөөд түүнд Oracle-ийг хамтран байгуулагч эцэг Ларри Эллисон нь дэмжлэг үзүүлж байна. Netflix мэдэгдлээ хийсний дараахан Ларри Эллисон Ерөнхийлөгч рүү утасдсан гэж хэвлэлүүд мэдээлжээ. “Харри Поттер”-ийн тухай цуврал зэрэг кинонууд бүхий асар их сан хөмрөгтэй Warner Bros-ыг худалдан авах гол өрсөлдөгч нь Paramount байсаар ирсэн юм.


H200 чипийг Хятадад зарахыг зөвшөөрөв

Америкийн засгийн газар орлогын 25 хувийг авах нөхцөлтэйгөөр H200 чипээ Хятадад зарахыг Nvidia компанид зөвшөөрнө гэж Д.Трамп мэдэгдлээ. Уг чип нь  саяхан гаргасан Blackwell эсвэл удахгүй гарах Rubin чипүүд шиг дэвшилтэт биш юм. Трамп экспортын хязгаарлалтыг сулруулсан хэдий ч Хятадын засгийн газар Nvidia-гаас хэт их хараат байдлыг багасгах аргыг эрэлхийлж, дотоодын хагас дамжуулагч үйлдвэрлэлээ хөгжүүлэхийг зорьж байна.



Ирэх долоо хоногт болох үйл явдлууд

  • Номхон далайн бүсийн орнуудын химийн нийгэмлэгүүдийн Олон улсын конгресс 2025 (Pacifichem 2025) АНУ-ын Хавай муж улсын Хонолулу хотод 12 дугаар сарын 15-нд эхэлнэ.
  • Америкийн Геофизикийн холбооны (AGU) Олон улсын бага хурал 12 дугаар сарын 15-нд Шинэ Орлеан хотод эхэлнэ.
  • ФИФА-гийн Тив хоорондын цомын тэмцээний шувтаргын тоглолт 12 дугаар сарын 17-нд Катарт болно.
  • Египетийн парламентын гурав дахь шатны сонгуулийг 12 дугаар сарын 17-нд явуулна.
  • "BWF World Tour Finals" бадминтоны цуврал тэмцээн Хятадын Ханьжөү хотод 12 дугаар сарын 17-нд эхэлнэ.
  • Олон улсын цагаачдын өдөр 12 дугаар сарын 18-нд тохионо.
  • Африкийн цомын төлөөх хөл бөмбөгийн 35 дахь удаагийн тэмцээн 12 дугаар сарын 21-нд Мароккод эхэлнэ.
  • Хүүхдийн “Eurovision” дууны уралдаан Гүржид үргэлжилнэ.
関連ニュース