60-аад жил болж байгаа бага сургууль цогцолбор болж өргөжлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-13 22:27:30

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Шивэртийн хөндийд 1957 онд байгуулагдсан бага сургуулийн барилгад  их засвар хийж 2015 оны аравдугаар сард ашиглалтанд оруулан, сургууль-цэцэрлэгийн “Тунгалаг тамир” цогцолбор болгожээ.

Энэхүү цогцолборыг орон нутгийн хөгжлийн сан, Эрдэнэбулган сумын ОНХС, БСШУЯ-ны сургууль цэцэрлэг засварлах зардал гэх мэт олон талын дэмжлэгээр ашиглалтад оруулжээ. Нэг давхартаа цэцэрлэг, хоолны танхимтай, хоёрдугаар давхартаа сургууль, дотуур байртай аймагтаа жишиг болохуйц цогцолбор Эрдэнэбулган сумын хөдөөгийн ганц багт ийнхүү сүндэрлэв.

Шивэртийн хөндий зах зээлийн шуурганд өртөж,  иргэд нь нүүж барилга байшингаа буулгаж нурааж, багийн төв гэхэд хэцүү ашиглах боломжгүй болсон байсныг хоёр жилийн дотор эмхэлж цэгцлэн өнөөдөр хүн эмнэлэг, сургууль-цэцэрлэг, ахуйн үйлчилгээний төв гээд бүх юм нь шинэчлэгдсэн бахдам суурин болжээ. Цогцолборын нээлтийн үеэр энэ бүхнийг үзэж харахаар арван сумын Засаг дарга, ерөнхий боловсролын 6 сургуулийн  захирал болон багийн иргэд цугларсан байлаа. Мөн Эрдэнэбулган сумын ЗДТГ-ын албан хаагчид өөрсдийн бэлтгэсэн урлагийн тоглолтоо сонирхууллаа.

 “Ажиллах сурах таатай нөхцөл бүрдсэн болохоор сургалтын чанар дээшилж, сурагчдын сурлага хүмүүжил, багш ажилчдын ур чадварыг дээшлүүлэх таатай нөхцөл бүрдэж, урам зоригтой сурч ажиллах боломжтой болж байгаад бидний зүгээс баяртай байна. Манай цогцолбор 15 багш зуугаад хүүхэдтэй”- гэж тус цогцолборын захирал Д.Энхмаа сэтгэгдлээ хуваалцлаа.

Архангай аймаг  Л.Булган

関連ニュース