Мадонна ихэр охид өргөж авчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИНВАШИНГТОН. /АР/. Африкийн Малави улсаас өргөж авсан хоёр ихэр хүүхдийнхээ зургийг Америкийн алдарт дуучин Мадонна инстаграм хуудсандаа тавиад “хүүхэд үрчлэн авах үйл явц дууссан. Тэднийг манай гэр бүлийн гишүүн болсонд баяртай байна” гэж бичжээ.
Ихэр хоёр охиныг үрчлэн авахыг Малави улсын шүүх энэ долоо хоногийн мягмар гарагт зөвшөөрсөн байна.
Поп од Мадонна үүнээс өмнө Малави улсаас 2006 онд Дэвид, 2009 онд Мерси гэдэг хоёр хүүхдийг өргөж авчээ.
Хоёр долоо хоног гаруйн өмнө дуучин бүсгүй Малави улсын нэгэн буяны байгууллагад зочлох үеэрээ “би хүүхэд үрчлэн авах талаар ямар ч хүсэлт гаргаагүй” гэж байжээ.
Өнчин хүүхдийн асрамжийн газраас Эстер ба Стелла гэдэг 4 настай хоёр ихэр охиныг Мадонна үрчлэн авсан болохыг өчигдөр шүүхээс олон нийтэд мэдэгдсэн байна.
Шүүхийн шийдвэрт дурдсанаар, охидын ээж нь тэднийг төрүүлснийхээ дараа удалгүй нас барсан бөгөөд аав нь өөр эмэгтэйтэй гэрлэсэн аж. Ингээд охидыг эмээ өвөө нь асарч байгаад сүүлдээ тэднийг харж хандах боломжгүй болсон тул асрамжийн газарт өгсөн байна.
Г.Доржханд