Цахир сумын ЭМТ-ийн барилга ашиглах боломжгүй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2017-03-14 16:41:42

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Цахир суманд эрүүл мэндийн төвийн шинэ барилга нэн шаардлагатай байгааг эмнэлгийн эмч, ажилчид болоод нутгийн иргэд хэлж байна.

2004 онд ашиглалтад орсон Цахир сумын эрүүл мэндийн төвийн одоогийг барилга нь 2008 оноос эхлэн хөрсний цэвдэгшлээс болж суурь болон ханаараа цуурч, нэвт салхилдаг болжээ. 2010 онд 30 сая төгрөгөөр дээвэр, хаяавч, цонх хаалганы урсгал засвар хийсэн ч жил ирэх тусам цууралт гүн болж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэхэд хүндрэлтэй болосн байна.

Энэхүү барилгыг 38 хувьтай ашиглаж болно гэсэн аймгийн МХГ-ын акт 2015 онд, дараа нь ашиглахыг бүрэн хориглосон акт 2016 оны 5 дугаар сард гарсан юм.

Хагарч цуурсан, хүйтэн орчинд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлнэ гэдэг эмнэлгийн эмч ажилчдын хувьд тун хүнд, доороосоо даарсны улмаас бөөрний үрэвсэлтэй болж эрүүл мэндийн өөрчлөлтүүд гарч байгааг эмнэлгийн эрхлэгч эмч М.Болормаа хэлж байлаа.  Мөн хэвтэн эмчлүүлэгчдийн зүгээс эмчилгээ хийж байгаа ч хүйтэн орчинд даарч хөрч хэвтэх нь эмчилгээнд сөргөөр нөлөөлж байна хэмээн гэрээр эмчилгээ бичиж өгөх тухай хүсэлт их тавьдаг ажээ.

Аймгийн Засаг даргын нөөц сангаас 5 сая төгрөг гаргаж тус эмнэлгийн хагарч цуурсан нүүрэн хэсгийг хөөсдөж, нэмэлт дулаан ялгаруулагч ашиглаж байж энэ өвлийг өнгөрөөж байгаа байгааг хэлж байсан юм.

Б.Гэрэлт-Од

関連ニュース