Энхтайваны корпусын ажилтан багшилж байгаа сургуульдаа үндэсний хөгжим авч өгчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын бүрэн дунд сургуульд Энхтайваны корпусын шугамаар АНУ-ын иргэн Брайн Кассэлла /Bryan Casella/ хоёр жилийн өмнөөс ирж сурагчдын англи хэлний болон хөгжмийн боловсролд суралцахад нь тусалж байна.
Тэрээр өнгөрөгч 2016 онд “Хөгжмийн аялгуу” төсөл бичиж АНУ-ын Калифорн мужид суугаа аав ээж, ах дүү, найз нөхөддөө танилцуулж, мөн цахим орчныг ашиглан нийт 4000 ам.доллар цуглуулж, түүгээрээ сургуулийнхаа хөгжим ангид морин хуур, ятга, төгөлдөр хуур, ёочин, хуучир, шанз, бөмбөр, лимбэ зэрэг монгол үндэсний 20 төрлийн хөгжмийн зэмсэг авч өгчээ. Брайн Кассэлла таван настайгаасаа хөгжим тоглож сурсан бөгөөд одоо 20-оод жил хөгжим тоглож байгаа гэнэ. Хүүхдүүдийг ч хөгжимд сурган Өндөр-Улаан сумын сургуулийн хөгжмийн багштай хамтран сургуулийнхаа үндэсний хөгжмийн хамтлагийг байгуулах зкорилготой ажиллаж байгаа ажээ. Одоо 20 гаруй хүүхэд хөгжим тоглож байгааг хэлээд цаашид ч тасралтгүй үргэлжилнэ гэдгийг хэллээ.
Брайн Кассэлла Монголын хөдөөд мөн цагаан идээнд их дуртай гэнэ. Тэрээр Монгол гэрт амьдрах нь сонирхолтой гэдгийг ч хэлж байсан юм.
Архангай аймгийн хэмжээнд Энхтайваны корпусын шугамаар Батцэнгэл, Цэнхэр, Өндөр-Улаан болон аймгийн төвд гээд дөрвөн гадаад иргэн багшилж, амьдарч байна.
Б.Гэрэлт-Од