Уран жиргээ-2017” уран уншлагын наадам боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд./МОНЦАМЭ/.Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллага хамтран 03 сарын 24-ны өдөр Цэцэрлэгийн багачууд болон ЕБС-ийн сурагчдын дунд “Уран жиргээ-2017” уран уншлагын наадмыг “Хөгжил политехник” коллежийн урлагийн зааланд зохион байгууллаа.
“Уран жиргээ-2017” уран уншлагын наадмын зорилго нь Дэлхийн болон Монголын хүүхдийн шилдэг зохиол бүтээлийг хүүхэд, багачуудад таниулах, сурталчлах, тэдний дунд уран уншлагын урлагийг хөгжүүлэхэд чиглэж байлаа.
Тус наадмын нэгдүгээр шат сумын хэмжээнд, хоёрдугаар шат аймгийн хэмжээнд өрнөж сургуулийн өмнөх нас ба цэцэрлэг, сургуулийн бага нас буюу 1-5 дугаар анги, дунд нас буюу 6-9 дүгээр анги, сургуулийн ахлах нас буюу 10-12 дугаар анги гэсэн дөрвөн насны ангилалаар тус бүр 4 байр шалгаруулсан юм.
“Уран жиргээ-2017” уран уншлагын наадмын шүүгчээр “Ган үзэг” яруу найргийн наадмын тэргүүн байрны эзэн, Ховд телевизийн сэтгүүлч, зохиолч, яруу найрагч Н.Таванцэцэг, МЗЭ-ийн гишүүн зохиолч, яруу найрагч, аймгийн “Болор цом”-ын эзэн Бямбаа, Б.Баяраа нар ажилласан юм. Шүүгчид оролцогч хүүхдүүдийн авъяас чадварыг үнлэхдээ Дэлхийн болон Монголын зохиолчдын шүлэг, өгүүллэгийг түгдрэлгүй, уран яруу хийгээд тод уншсан эсэх, тайзны соёл, микрофонтой харьцах байдал, хувцаслалт, аялгууны зохицол, шүлэг, зохиолын утга санааг бүрэн ойлгосон эсэх, зохиолын агуулга болон дүрийг хэрхэн тодотгон гаргаж буй зэргийг харгалзан үзэж 1-5 оноогоор дүгнэсэн юм.
Уг наадмын Сургуулийн өмнөх нас ба цэцэрлэгийн ангилалд 20 хүүхэд оролцсоноос нэгдүгээр байранд 10 дугаар цэцэрлэгийн Ч.Нандин-Эрдэнэ, хоёрдугаар байранд 2 дугаар цэцэрлэгийн Н.Нарантуяа, гуравдугаар байранд 7 дугаар цэцэрлэгийн Х.Айару, тусгай байранд Манхан сумын цэцэрлэгийн П.Энхнаран нар тус тус шалгарлаа. Мөн сургуулийн бага нас буюу 1-5 дугаар ангийн төрөлд 23 сурагч оролцжээ. Энэ ангилалд тэргүүн байранд Буянт сумын сургуулийн сурагч Ц.Номин-Эрдэнэ, хоёрдугаар байранд Дарви сумын сурагч Ж.Буян-Эрдэнэ, гуравдугаар байранд Прогресс сургуулийн сурагч М.Номиндарь, тусгай байранд Дөргөн сумын сурагч Э.Буянтогтох нар тус тус шалгарав.
Үүнээс гадна Сургуулийн дунд нас буюу 6-9 дүгээр ангийн төрөлд 19 сурагч оролцож, Дуут сумын сурагч П.Сийлэгмаа, Цаст-Алтай сургуулийн сурагч Н.Одчимэг, Буянт сумын сурагч Ш.Амаржаргал нар эхний гурван байрыг эзэлж, тусгай байранд 6 –дугаар сургуулийн сурагч А.Буянзаяа нар шалгарсан байна. Түүнчлэн сургуулийн ахлах нас буюу 10-12 дугаар ангийн төрөлд оролцсон 16 сурагчаас 6-дугаар сургуулийн сурагч М.Батцэцэг нэгдүгээр байранд, Хөгжил политехник коллежийн суралцагч Н.Пүрэвсүрэн хоёрдугаар байранд, Манхан сумын сурагч Ч.Баярмаа гуравдугаар байранд, Цаст-Алтай сургуулийн сурагч Ц.Ариунзаяа тусгай байранд шалгарсан юм.
“Уран жиргээ-2017” уран уншлагын наадмын насны ангилал тус бүрт Тэргүүн байр эзэлсэн 1 хүүхэд “Уран жиргээ” гран при шагналын эзэн болсон бөгөөд бусад 3 байранд шалгарсан хүүхдүүдийг өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнаж урамшуулсан юм. Тус наадмын 4 насны ангилалд шалгарсан дээрх 16 хүүхэд Ховд аймгаа төлөөлөн 04 сарын 12-ний өдөр улсын хэмжээнд зохион байгуулагдах “Уран жиргээ-2017” уран уншлагын наадамд оролцох юм байна.
А.Бямбасүрэн