АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчид Ховд аймагт айлчиллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд/МОНЦАМЭ/. АНУ-ын ЭСЯ-ны Бээжин дэх бүсийн зөвлөх Жон, Иргэн цэргийн харилцааны ажилтан Даниел Ли нарын албаны хүмүүс Ховд аймагт айлчиллаа. Зочдыг аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг хэлтэс, агентлагийн дарга нарын хамт төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд хүлээн авч уулзлаа.
Засаг даргын орлогч Ч.Уранчимэг Ховд аймгийн өнөөгийн байдал, 2016-2020 онд хийгдэх бүтээн байгуулалтын ажлын төслийг танилцуулж, эрүүл мэнд, боловсрол, спортын салбарт хамтарч ажиллах, олон улсын төсөл хөтөлбөрийн дэмжлэг авах, хамтарч ажиллах ямар боломж байгаа талаар танилцууллаа.
Америкийн Соёл Мэдээллийн төв болон Ховд аймгийн Нийтийн номын сан нь хоёр орны найрамдалт харилцаа, хэл соёл, иргэдийн англи хэлний мэдлэг боловсролыг дээшлүүлэх, багш нарыг чадавхжуулах чиглэлээр 2007 оноос хойш 10 гаруй жил хамтын ажиллагаатай явж байгаа юм.
Дээрх албаны хүмүүс Америкийн соёл мэдээллийн төвийн хамтын ажиллагааны 10 жилийн ой ирэх 4 сард тохиох гэж байгаатай холбогдуулан Ховд аймагт айлчилж, төр захиргааны байгууллага, хувиараа гар урлал хийдэг иргэд, төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж байна.
Уг уулзалт дээр Ховд аймгийн нийгмийн салбарт нэн түрүүн 100 ортой эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн цогцолбор, оюутны дотуур байрны асуудал хэрэгцээтэй байгааг тус элчин сайдын яамны хүмүүст танилцууллаа.
Харин АНУ-ын Элчин сайдын яамны Иргэн цэргийн харилцааны ажилтан Даниель Ли “ Аймгийн төвийн тохижилтоос илүү зах дуу байршдаг, жижиг сумдад ямар асуудал тулгамдаж байна гэдгийг сонирхож, бидний гол зорилго төв суурин газрыг тохижуулахаас илүү жижиг алслагдсан сумуудад туслах саналтай байгаа. Тухайлбал хамгийн алслагдсан Булган суманд хүн өвдөж түргэн тусламж дуудахад ямар хэмжээний цаг хугацааа зардаг, хэр шуурхай тусламж үзүүлэх вэ” хэмээн сонирхож байв. Мөн үер ус, гал түймэр гарах тохиолдолд эрүүл мэндийн үйлчилгээ, хоргодох байр гэх мэт олон үүрэгт байдлын талаар ямар бодолтой байдгийг тус аймгийн холбогдох мэргэжилтнүүдээс сонирхлоо.
Ховд аймгийн Боловсрол Соёл урлагийн газрын дарга М.Пүрэвхүү хоргодох байр гэхээсээ илүү манай аймагт цэцэрлэг хүрэлцээгүй учраас Мянгад сум, Жаргалант сумын 10 дугаар цэцэрлэг монгол гэрт хүүхдүүд, зууханд гал түлж, зуух тойруулан хашилт хийсэн байдаг, хүүхдүүд тоглох хөгжих орчин дутагдалтай байдаг тухай танилцуулаад газар дээр нь үзэж танилцахыг хүслээ.
Ховд аймгин БОЭТ-ийн захирал Б.Амаржаргал Америкаас сайн дурын эмч нар нүдний мэс засал, зүрхний мэс заслын эмчилгээ, үйлчилгээ үзүүлж жил бүр ирж ажиллдаг гээд Ховдын эмнэлэгт зөөврийн дижитал рентгений аппарат хэрэгтэй байгаа болон эмч нарт англи хэлний сургалт явуулахыг хүсэж байгаагаа хэллээ.
Аймгийн удирдлагууд Алтай, Цэцэг сумын эмнэлэг, Алтай, Мянгад сумын цэцэрлэг хүндрэлтэй ажиллаж байгааг танилцуулж, ноён Даниель Ли хамтран ажилладаг Томын хамт Ховд аймагт дахин ирж илүү дэлгэрэнгүй танилцаж, орон нутагт хэрэгцээтэй байгаа цэцэрлэг, сургуулийн талаар судалгаа авч, хамтран ажиллахаа илэрхийллээ.
Америкийн соёл мэдээлийн төвийн 10 жилийн ой болох гэж байгаатай холбогдуулан АНУ-ЭСЯ-наас ирсэн дээрх албаны хүмүүс Америкийн соёл мэдээлийн төвд гар урлал, бүтээгдхүүний үйлдвэрлэл явуулдаг төв байгуулах талаар судалж байгаа юм.
Ирэх 4 дүгээр сард АНУ-ын Элчин сайд Ховд аймагт ажиллах ажээ.
А.Бямбасүрэн