“Өсвөр үеийнхний шүдний өвчлөлийг бууруулах нь” төсөл хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-04-07 17:41:00

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт Дэлхийн Банк, Швейцарийн Хөгжлийн агентлагын санхүүжилтээр хэрэгжиж буй Эрүүл мэндийн салбарт Нийгмийн Эргэх хариуцлагыг бэхжүүлэх нь төслийн хүрээнд “ Өсвөр үеийнхний шүдний өвчлөлийг бууруулах нь” төслийг хэрэгжүүлэхээр болж төслийг хэрэгжүүлэгч талууд санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичигт "Ардчилалын боловсрол" ТББ-ын захирал Г.Ундрал аймгийн Засаг дарга З.Энхтөр, "Сэтгэшгүй Оюундалай" ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Өлзийсайхан нар гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичигт гарын үсэг зурахаас өмнө төрийн байгууллага, ТББ, ард иргэдийн төлөөллийг хамруулсан сургалтыг гурав хоногийн турш явуулж, энэ үеэрээ аймагт нэн түрүүнд тулгамдаад байгаа асуудлыг судлан, ямар төрлийн төсөл хэрэгжүүлэхээ сонгожээ.

"Өсвөр үеийнхэний шүдний өвчлөлийг бууруулах нь" төсөл 04 дүгээр сараас ирэх 09 дүгээр сарыг хүртэл үргэлжилнэ.

“Сүхбаатар аймагт Дэлхийн банкны төслийн багийн хүмүүс өнгөрсөн жилээс эхлэн Сүхбаатар аймагт хэд хэдэн удаа ажилласан, зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулсан. Дэлхийн банкнаас тавьсан шаардлагын дагуу үндэсний хэмжээнд зөвлөх, аргазүйн туслалцаа үзүүлэх нэг ТББ-ыг сонгох хэрэгтэй. Үүний дагуу Сүхбаатар  аймгийнхан маань манай ТББ-ыг сонгосонд бид баяртай байна. Төр, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн оролцоотойгоор энэхүү төслөө амжилттай хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна...” хэмээн Ардчилалын боловсрол ТББ-ын тэргүүн Г. Ундрал хэллээ.

Дэлхийн Банк, Швейцарийн Хөгжлийн агентлагын санхүүжилтээр хэрэгжиж буй Эрүүл мэндийн салбарт Нийгмийн Эргэх хариуцлагыг бэхжүүлэх нь дэд төсөл нь Монгол Улсын 10 аймаг, нийслэлийн гурван дүүрэгт хэрэгжиж байгаа томоохон төсөл юм байна.

Т. Одончимэг

関連ニュース