Хижабтай тоглохыг ФИБА зөвшөөрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТЛОНДОН./BBC/. Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/ багийн тамирчдын тоглолтын хувцасны өнгөтэй зохицсон эсвэл тамирчид хар, цагаан хосолсон өнгөөр хувцасласан тохиолдолд хижаб /толгойн алчуур, малгай/ өмсөн тоглохыг зөвшөөрчээ.
Энэ шинэ дүрэм 10 дугаар сарын 1-нээс үйлчилж эхлэх юм. Уг дүрмэнд зааснаар хижаб нь нүүр халхлахгүй байх, бусад тоглогчдод гэмтэл бэртэл учруулахааргүй байх, түүнчлэн толгой болон хүзүүний хэсэгтээ товч болон кнопгүй байх ёстой аж..
2012 оноос хойш олон улсын тэмцээнд оролцож буй эмэгтэй тамирчдын хувцсанд тавигддаг хатуу шаардлагуудыг зөөлрүүлсээр байгаа юм. Олимпын тоглолтонд оролцохдоо битүү хувцастай тоглохыг зөвшөөрсөн бол 2014 оноос энэ нь эмэгтэй хөлбөмбөгчид, сагсан бөмбөгчдөд үйлчилж эхэлсэн билээ. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн онд Рио-де-Жанейрод болсон Олимпын тоглолтод оролцосон зарим орны эмэгтэй тамирчид толгойгоо алчуураар боосон байв.
Гэсэн хэдий ч 2014 онд Катарын эмэгтэй шигшээ баг Азийн тоглолтонд оролцохоос татгалзсан учир нь хижаб зүүсэн тамирчдыг тэмцээнд оруулаагүй аж.
Олон улсын хөлбөмбөгийн холбоо /FIFA/ хэрвээ шашны итгэл үнэмшил нь үүнийг шаардаж байгаа бол эмэгтэй тамирчид толгойдоо алчууртай тоглож болно гэж зөвшөөрчээ.
Спортын салбараас гадна дэлхийн хэд хэдэн улс оронд хижабын талаар маргаан дэгдсан байна., Тухайлбал, 3 дугаар сард Люксембургийн шүүх "ажил олгогчид нь ажлын байранд хижаб өмсөхийг хориглож болно" гэсэн шийдвэр гаргасан байна.
О.Барс