“Зөв Монгол Залуу” сэдвээр Ховдын залуучууд авьяасаа уралдууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-05-08 16:45:39
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн 16 сумын оюутнууд цуглаж, авъяас билэг, авхаалж самбаа, оюун ухаанаа уралдуулж “Зөв Монгол Залуу” сэдвийн хүрээнд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан АСК-2017 тэмцээнд амжилттай оролцлоо.
Ховдын авъяаслаг залуучуудыг нэгтгэсэн энэхүү тэмцээнийг 10 жилтэйгээ учран золгож буй “Ховдын Түүчээ”оюутан залуучуудын холбоо, Ховд аймгийн  нутгийн зөвлөл хамтран зохион байгуулсан юм. 
Энэхүү тэмцээний I байранд Дуут сумын “Хөхөмдөг цуурай” баг, II байранд Алтай сумын “Сүрлэг Алтай” баг, III байранд Жаргалант сумын “Орших уу, эс орших уу” баг, Тусгай байранд Эрдэнэбүрэн сумын “Цастын Өөлд” баг шалгарлаа. 
Тэмцээнд оролцсон баг, хамт олноо хамгийн сайн дэмжсэн шилдэг хөгжөөн дэмжигчээр Алтай сумын “Сүрлэг Алтай” баг, шилдэг эрэгтэй оролцогчоор Алтай сумын “Сүрлэг Алтай” багийн А.Отгонбаатар,  шилдэг эмэгтэй оролцогчоор Дуут сумын “Хөхөмдөг цуурай” багийн О.Ариунжаргал нар тодорлоо. 
"АСК-2017" тэмцээнд Ховд аймгийн 16 сумын 160 гаруй залуучууд гэрийн даалгавар, чөлөөт сэтгэлгээ, багийн ахлагчийн асуулт хариулт зэрэг олон төрлөөр авхаалж самбаагаа сорьсон юм. 
Залуучууд нийгэмд тулгамдаж буй асуудлыг өөрсдийн харж буй өнцгөөр гарган “Зөв Монгол Залуу” байхын тулд бид юу хийх вэ гэдэгт ухаан бодлоо уралдуулсан урлагийн үзүүлбэр толилуулав.
А.Бямбасүрэн
 
関連ニュース