Хүмүүнлэгийн өдрөөр 200 өсвөрийн улаанзагалмайчдыг шинээр элсүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2017-05-09 08:42:55
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Жил бүрийн 05 дугаар сарын 08-ны өдөр Хүмүүнлэгийн өдөр болон Хүүхдийн байгууллагын өдөр тохиодог. Энэхүү өдрийг угтаж аймгийн Улаан загалмайн хороо, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран өдөрлөг зохион байгууллаа. Энэ үеэр аймгийн УЗХ-ны Өсвөрийн улаанзагалмайчин 200 гишүүн шинээр элсүүлжээ. Мөн зорилтот бүлгийн 20 өрхийн хүүхэд хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн байна.
Аймгийн улаан загалмайн хороо нь Хүмүүнлэгийн өдрөөрөө шинэ гишүүн элсүүлсэнээр нийт 1300 орчим өсвөрийн улаанзагалмайчидтай болжээ. Шинээр элссэн гишүүд нь хүүхдийн тусч хамтлаг болон клубуудэд харьяалагдан хүмүүнлэгийн ажилд оролцох юм. УЗХ-ны дэргэдэх тусч хамтлаг, клубын хүүхдүүд нь үе тэнгийн сургагч багшаар бэлтгэгдсэн хүүхдүүд байдаг бөгөөд тэд эрүүл мэндийн сургалт сурталчилгаа зохион байгуулах, зорилтот бүлгийн хүмүүст туслах, хувцас болон хүнсий бүтээгдэхүүн хандиваар цуглуулж тэдэнд түгээх зэрэг ажлуудыг хийдэг байна.
Өдөрлөгийн үеэр хүүхдүүдийн урлагийн болон тусч хүүхдүүдийн үйл ажиллагааг харуулсан жүжигчилсэн тоглолтууд боллоо. Мөн УЗХ-ны дэргэдэх Сайн дурын идэвхтнүүд өөрсдийн үйл ажиллагаагаа хүүхэд багачуудад сурталчилж, сайн дурын сайн үйлстэн байхын ач тусыг танилцуулсан юм. Сүхбаатар аймгийн УЗХ-ны үйл ажиллагаанд тогтмол оролцдог 100 сайн дурын идэвхтэн байдаг бөгөөд тэд зорилтот бүлгийнхэн, ганц бие өндөр настнуудыг асарч тойглох, тэдэнд туслах үйл ажиллагааг явуулдаг юм.
Т. Одончимэг 
関連ニュース