Франц эмч нар түлэгдэл, гэмтлийн дараах нөхөн сэргээх мэс засал хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-05-10 10:54:19
Ховд/МОНЦАМЭ/Дэлхийн эмч нарын нийгэмлэгийн Түлэнхийн нөхөн сэргээх пластик мэс заслын Франц эмч нар Ховд аймагт  энэ сарын 07-ны өдрөөс эхлэн зургаа хоног  ажиллаж орон нутгийн иргэдэд түлэнхийн гоо заслын  үзлэг,  мэс  заслыг үнэ төлбөргүй хийж байна.
Франц  эмч  нар  Гэмтэл согог судлалын үндэсний  төвийн Түлэнхийн  тасгийн  эмч А.Ерланаар  ахлуулан  9 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн бөгөөд БОЭТ-ийн Гэмтэл, Чих, Хамар хоолой, Эрүү нүүрний мэс  заслын тасагт Түлэгдэлтийн дараах арьсны сорив арилгах, ямар нэгэн гэмтлийн дараах эрхтэний үйл ажиллагааг  сэргээх  зорилготой  эмчилгээ,  массаж,  арьс  нөхөх  мэс  заслыг  хийж  байгаа юм.
Одоогоор 70 гаруй хүнд үзлэг хийж, 23 хүнд хагалгаа хийхээр төлөвлөсөн бөгөөд 9 дэх хагалгааг  амжилттай  хийгээд  байна.
Франц эмч нар Ховд аймагт хүрэлцэн ирж  эрүүл мэндийн  үйлчилгээг үзүүлсэнээр Орон нутгийн иргэдийн мэс засалд орох зардлыг хэмнэх, хөгжлийн бэрхшээлтэй  иргэдэд хүрч үйлчлэх, түлэгдэлтийн дараах  соривыг арилгаж иргэдийн сэтгэл зүй, нийгэмд  эзлэх байр суурь, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлсэн чухал ач холбогдолтой ажил боллоо.
Энэ эмч нар жилд 2-3 удаа БОЭТ-д ирж орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх төлөвлөгөөтэй  байгаа бөгөөд ирэх 10 дугаар сард дахин ирж  иргэдэд үнэ төлбөргүй  эмчилгээ, мэс  засал хийх юм.
А.Бямбасүрэн
関連ニュース