Ажилгүй иргэдийн 20 гаруй хувь нь дээд боловсролтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-05-24 13:47:31
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын, Хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо дөрөвдүгээр сарын  байдлаар 1371 болжээ. Ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 2,4 дахин буюу 740 хүнээр өссөн аж. Тэдний 20 гаруй хувь нь дээд боловсролтой ажил хайгчид байгаа нь тус аймагт дипломтой ажилгүйчүүд их буйг харуулж буй. Харин шинээр бий болсон ажлын байр өмнөх оноос 77,3 хувь буюу 41-ээр өсчээ.
Ажилгүй иргэдийн 64,9 хувь нь 15-34 настай бол  22,1 хувь нь дээд боловсролтой залуучууд юм. Их, дээд сургуулиа шинээр төгссөн иргэдийн хувьд аймаг орон нутагтаа ажиллах гэхлээр ажлын байр хомс, ажлын байр байлаа ч доод тал нь хоёроос гурван жил ажилласан туршлагатай байх шаардлага тавьдаг нь ажилгүйчүүдийн эгнээг тэлэх  шалтгаан болдог аж.
Бүртгэлтэй ажилгүй 1371 иргэний 1053 нь огт ажилгүй, мөн ажил хайгчдын  тал хувь буюу 621 нь эмэгтэйчүүд  юм. Харин шинээр ажил хайгчаар бүртгүүлсэн иргэдээс 293 нь ажилд зуучлагджээ. Энэ оны эхний дөрөвдүгээр сард 94 шинэ ажлын байр бий болсон нь ихэнхдээ уул уурхай, олборлох үйлдвэрийн салбар буй бөгөөд энэ нь шинээр бий болсон ажлын байрны 58,5 хувийг эзэлж байна.
Т. Одончимэг 
関連ニュース