Нийгмийн халамжийн албан хаагчдыг цахим сургалтаар чадавхжууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-06-16 09:15:33
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар халамжийн нийгмийн ажилтнуудад зорулсан 1, 2 дугаар шатны цахим видео сургалтыг энэ сарын 14-15-ны өдрүүдэд аймгийн ХХҮГазарт  зохион байгууллаа. 
Халамжийн нийгмийн ажилтнуудын нийгмийн ажлын ерөнхий мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлж,  халамжийн зорилтот  бүлэгт  мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх  арга зүйг эзэмшүүлэхэд  чиглэсэн уг сургалтанд ХХҮГ-ын аймаг, сум хариуцсан 45 мэргэжилтэн хамрагдаж нийгмийн ажлын мэргэжлийн үйл ажиллагаа, практик үйл явц, үүрэг, ур чадварын талаар ойлголт мэдлэгээ нэмэгдүүлсэн  бөгөөд нийгмийн ажлын практикт хэрэглэх  онцлох үзэл баримтлал, хувь хүн, гэр бүл, бүлэг, байгууллага олон нийттэй ажиллах арга барил, ажлын үнэт зүйл, ёс зүйн зарчим зэрэгт суралцсанаараа онцгой ач холбогдолтой байлаа.
Тус сургалтын сургагч багшаар МУИС-ийн багш Г.Түмэннаст, МУБИС-ийн ахлах багш Х.Өлзийхишиг, М.Нямдорж, МУБИС-ийн багш дэд профессор Т.Цэндхүү, УБИС-ийн багш Б.Сүх-Очир, ШУТИС-ийн багш С.Ариунцэцэг, Т.Оюунбилэг, Н.Нямдорж нар ажиллаж “Нийгмийн ажил, зарчим, ур чадвар”, “Хувь хүн, бүлэгтэй  ажиллах  арга зүй”, “Нийгмийн ажилтны үүрэг, үйл ажиллагаа”, “Хүүхэд, гэр бүлтэй ажиллах арга зүй”, “Нийгмийн ажлын үнэт  зүйлс, ёс зүй”, “Байгууллага, олон нийттэй ажиллах арга зүй”, “Нийгмийн халамжийн хууль, эрх зүй”  сэдвүүдийн  хүрээнд  цахим видео  хэлбэрээр  мэдээлэл  хүргэсэн  юм.
Цахим видео сургалт нь сэдэвт хичээлийн хүрээнд үзүүлэн, лекц, бүлгийн ажил, бүлгийн ажлын  хэлэлцүүллэг, бодол санааны өрнөлт, эвлүүлгийн арга, асуудал дэвшүүлэх, хамтын хайгуул, хэлэлцүүлгийн тор гэх мэт сонирхолтой арга хэлбэрээр өрнөв. Орон нутаг, үйлчлүүлэгчийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замуудын боломжит хувилбарыг нийгмийн ажилтнууд олж харах, өөрсдийн үйл хэрэгтээ ашиглах зарчмаар хүн бүрийн оролцоог чухалчилсан юм.
А.Бямбасүрэн
                                         
関連ニュース