Хадлангийн бүс нутгуудаар хуурайшилт ихтэй, ургац тачир байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-07-28 10:59:03
Ховд/МОНЦАМЭ/ Наадмын дараа Ховдчууд цаг үеийн ажилд шамдаж эхэллээ. Энэ зун хур бороо багатай гандуу зун болсон учраас аймгийн Засаг даргын албан далгавар гарч цаг агаарын хүндрэл, болзошгүй гамшиг тохиолдох үед хэрэглэх өвс, тэжээлийн аюулгүй нөөц бүрдүүлэх доод хэмжээг тогтоон өгч, хэрэгжүүлэх ажил зохион байгуулж байна.
Аймгийн хэмжээгээр сүүлийн 4 жилд 60,0 мянган байгалийн хадлан бэлтгэхээс 59,6-60,0 мян тн-ыг бэлтгэж, 99,3-100 хувь биелүүлж ирсэн юм.
Харин энэ жилийн хувьд нийт нутгаар гандуу, гантай нөхцөл байдалтай байгаагаас хадлан бэлтгэх боломж тааруу байна.
Хадлангийн гол бүс нутаг болох Их нууруудын хотгор, Буянт, Ховд голын сав дагуу хуурайшилт ихтэй, хадлангийн ургац тачир байна.
Өндөр уулын бүсийн сумууд болох Дуут, Мөнхайрхан, Мөст, Цэцэг сумууд зохих хэмжээний хадланг өөрийн сумын нутгаас бэлтгэх боломжгүй тул өөр сум, аймгаас өвч тэжээл худалдан авах ажлыг эртнээс зохион байгуулахыг аймгийн Засаг дарга үүрэг болгоод байна.   
Ирэх 08 сарын01-ний өдрөөс эхлэн аймгийн удирдлагууд хадлангийн бүс нутгуудаар явж, цаг үеийн ажилтай танилцаж, үүрэг чиглэл өгөхөөр бэлтгэж байна.
Энэ оны 07 дугаар сарын 20 ны байдлаар Ховд аймгийн нийт нутгийн 25 орчим хувьд хэвийн,31,2 хувьд гандуу,43,7 хувь нь гантай байна.
Үүнд Алтай, Булган, Үенч, Мөнххайрхан суманд суманд зуншлага хэвийн,Дарви,Дуут, Зэрэг, Мөст,Цэцэг сумууд гандуу, Буянт,Манхан,Мянгад,Ховд, Чандмань,Эрдэнэбүрэн сумууд гантай байна.
Манай аймгийн нийт сумуудын 25 орчим хувьд мал өвөлжилт хэвийн байх боломжтой буюу тодорхой тооны мал гаднаас отроор орох бэлчээрийн нөөцтэй,75 орчим хувь нь өөрийн сумын нутагт мал өвөлжүүлэх боломж тааруу байгаа ажээ.
 
А.Бямбасүрэн
関連ニュース