Аймгийн аюулгүйн нөөцийн өвсийг яаралтай бэлтгэхийг даалгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-08-01 09:03:08
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн аюулгүйн нөөц болох 1050 тн өвсийг 8 дугаар сарын 01-ээс 05-ны хооронд яаралтай бэлтгэхийг аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Д.Галсандондог үүрэг болголоо. Аюулгүйн нөөцийн өвсийг бүрдүүлэхэд хадлан бэлтгэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжтэй аймгийн Онцгой комисс гэрээ байгуулж ажиллах юм.
Аймгийн аюулгүйн нөөцийн өвсийг бүрдүүлэх хугацаанд хадлангийн бүс нутагт мал оруулахгүй байх, зэргэлдээх аймгууд руу өвс нийлүүлэхгүй байж, дотоодын өвсний нөөцийг бүрдүүлэхийг Д.Галсандондог дарга анхаарууллаа.
Мөн тухайн асуудлаар аймгийн Засаг даргын Захирамж гаргаж, аймгийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэхэд анхаарахаа мэдэгдлээ. Энэ жил манай аймаг 560 тн гар тэжээл бэлтгэхээр төлөвлөж байгаа бөгөөд тэжээлийн нөөцийг бүрдүүлэхэд анхаарч, шаардагдах төсөв мөнгөний асуудлыг шийдвэрлэхээр боллоо. Ийнхүү өнөөдрийн хурлаар ихэнх нутгаар гандуу байгаатай холбогдуулан зун, намрын отор нүүдэл хийх, малын хөдөлгөөнийг хянах постыг нэмэгдүүлж, ажиллахаар болов.
Ховд аймгийн Онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах асуудлаар хуралдаж, гарсан шийдвэрийн дагуу Онцгой комиссын гишүүдээс бүрдсэн баг хадлангийн бүс нутгууд болон сумдад ажиллаж, цаг үеийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан юм. Онцгой комисс  дээрх нөхцөл байдалтай танилцсаны дагуу цаашид авах арга хэмжээ болон тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр өнөөдөр хуралдаж дээрх шийдвэрийг гаргалаа.
А.Бямбасүрэн
関連ニュース