Ховдын тарвасны зах зээл мянга гаруй км-ийн цаана байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-08-04 10:37:23
Ховд/МОНЦАМЭ/Ховд аймаг тарвас, улаан лооль, өргөст хэмх, төмс хүнсний ногоогоороо алдартай. Ховд аймаг нь 300 гаруй жилийн түүхтэй, эрт дээр үеэс хөдөлмөрч иргэд нь Буянт голоо түшиглэн төмс, хүнсний ногоо тариалан ирсэн сайхан уламжлалтай юм. Энэхүү амжилт нь үржил шимт шороон хөрс, арвин их усны нөөц, иргэдийн хөдөлмөрч зан чанартай салшгүй холбоотой.
Ховд аймаг баруун бүсэд төмс хүнсний ногооны үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг. Үндэсний хэмжээнд Ховд хүнсний ногооны үйлдвэрлэлээрээ зөвхөн Сэлэнгэ, Төв аймгийн дараа явдаг. Намар ургац хураах үед зах зээлийн нийлүүлэлт эрэлт хэрэгцээгээ давж, ногооны үнэ огцом буурдаг. Одоо Ховдын ногоочдод тулгарч байгаа хамгийн том бэрхшээл нь ногоогоо борлуулах том зах зээлтэй болох. Ховдын хөдөлмөрчид хөрш зэргэлдээ аймгуудаа хүнсний ногоогоор хангадаг ч, жинхэнэ зах зээл нь мянга гаруй км цаана оршдог Улаанбаатарт байдаг.
Жил бүрийн намар 8 дугаар сарын дунд үеэс эхлээд Ховдын тарвасыг хол ойрынхон, хот сууринд амьдардаг хамаатан садан, найз нөхөддөө илгээхдээ том оврын ачааны машинаар шуудайнд, хайрцаг саванд хийж явуулдаг. Ингэхдээ нэг кг тарвасыг 300-500 төгрөгөөр бөөндөж аваад, ачааны мөнгийг кг-аас шалтгаалан  10000-20000 төгрөг төлж явуулдаг. Иймээс бодохоор хаваржин, зунжин хөлс дуслуулан байж тарьж ургуулсан тарвасны зах зээлийг өртгөтгөх, төрийн бодлогоор дэмжих хэрэгтэй санагдана. Тарвасны улирал байгаль цаг уурын нөхцөлөөс хамааран намар  8-9 сар хүртэл үргэлжилдэг. Ховдын брэнд бүтээгдхүүн амтат тарвас жилийн жилд ирсэн гийчдээ дайлах хамгийн том бэлэг байдаг. Харин борлуулах зах зээлийн менежмент л дутмаг байсаар өдий хүрч байна.
А.Бямбасүрэн
関連ニュース