Зорилтот бүлгийнхэнд зориулсан урьдчилан сэргийлэх, үзлэг, оношилгоо хийж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-11-01 09:41:50
Ховд /МОНЦАМЭ/ Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн энэ оны тавдугаар сарын 04-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор "Даатгуулагчийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг оношлогоо шинжилгээнд хамруулах журам" баталсан билээ. Монгол Улсын эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтээс сүүлийн  таван жилийн судалгааны хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх таван шалтгааныг үндэслэн 40, 45, 50, 55, 60, 65 насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, оношлогоо, шинжилгээний зардлыг даатгалын сангаас хариуцахаар боллоо.
Энэхүү журмын дагуу даатгуулагч нь дотор эрхтний архаг өвчлөл болон үе мөчний эмгэг илрүүлэх, хавдрын эрт илрүүлэг гэсэн гурван төрлийн багцаас зөвхөн нэгийг сонгон даатгалтай гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагаар харьяалал харгалзахгүй үйлчлүүлэх аж.
Ховд аймгийн  Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төв энэ оны 11 дүгээр сарын 1-ээс эхлэн оношлогоо, шинжилгээг хийж эхэллээ. Ийм учраас иргэд дээрх шаардлагыг хангаж байгаа үйлчлүүлэгчид үзлэг, оношлогоо шинжилгээнд хамрагдахдаа "ЦАХИМ" бүртгэлд дугаар авахгүйгээр өөрийн  иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, карт зэргийг бүрдүүлэн БОЭТ-ийн Лавлагааны хэсэгт ажиллах тусгай бүртгэл мэдээллийн ажилтанд хандан хамрагдахыг зөвлөжээ.
Ховд аймагт  дээрх насны хүн амын тоо  2016 оны байдлаар  44432 хүн байгаа нь нийт хүн амын 5,3 хувийг эзэлж байна.


                                                                                                                                                        А.Бямбасүрэн
関連ニュース