Хөдөөгийн малчин залуус ур чадвараараа өрсөлджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Баяндэлгэр сумын ЗДТГ, аймгийн Биеийн тамир спортын газартай хамтран анх удаа “Хөдөөгийн малчин залуусын ур чадварын тэмцээн”-ийг зохион байгуулжээ. Тэмцээнд тус сумын хөдөөгийн таван багийн малчин залуус оролцон, өөрсдийн амьдрал ахуй, өдөр тутмын ажилтай холбоотой таван төрлийн тэмцээнээр өрсөлдсөн байна.
Хөдөөний залуусыг цуглуулаад спортын тэмцээнээр өрсөлдүүлэх нь төдийлөн үр дүнтэй биш. Харин өөрсдийнх нь амьдралд ойр, өдөр тутамдаа хийдэг ажлыг нь спорттой хослуулан өрсөлдүүлэх нь илүү сонирхолтой бас ач холбогдолтой гэж үзсэн нь анх удаа зохион байгуулагдсан хөдөөгийн малчин залуусын ур чадварын тэмцээний гол онцлог юм.
“Тэмцээнд оролцогчдыг дээл "бакал" гуталтайгаа ирэх байх гэж бодож байсан. Гэтэл баг болгон жигд биеийн тамирын хувцастай, багийн онцлогоо илэрхийлсэн туг далбаа барьж, лого зүүж тун их ач холбогдол өгсөн байсан. Бидний зүгээс ч анхдугаар тэмцээн гэдэг утгаараа зохион байгуулалтад ихээхэн анхаарсан. Залуус маань сэтгэгдэл их өндөр байгаа. Ямар нэгэн тэмцээн уралдаан гэхээр төрийн албан хаагчид юм уу эсвэл сумын төвийн залуусыг хамруулаад өнгөрдөг. Тиймээс яг хөдөөний малчин залуус руу чиглэсэн тэмцээн уралдаан хэрэгтэй юм билээ. Тэд ч их дуртай байдаг. Аймгийн БТСГ-ынхан энэ тэмцээнийг их үнэлсэн, цаашид аймгийн бүх сумдын малчин залуусын дунд хийх талаар ярьж байгаа...” хэмээн Баяндэлгэр сумын засаг дарга Л.Аваадорж хэллээ.
Баяндэлгэр сум нь зургаан багтай. Үүний тав нь хөдөөний баг. Нэг багаас хоёр эмэгтэй, зургаан эрэгтэй гээд найман хүний бүрэлдэхүүнтэй баг оролцжээ.
Хөдөөний залуусыг цуглуулаад спортын тэмцээнээр өрсөлдүүлэх нь төдийлөн үр дүнтэй биш. Харин өөрсдийнх нь амьдралд ойр, өдөр тутамдаа хийдэг ажлыг нь спорттой хослуулан өрсөлдүүлэх нь илүү сонирхолтой бас ач холбогдолтой гэж үзсэн нь анх удаа зохион байгуулагдсан хөдөөгийн малчин залуусын ур чадварын тэмцээний гол онцлог юм.
Тэд 25 литрийн ховоогоор хоёр минутын хугацаанд худгаас ус татах, үнээ саах, ингэхдээ 500 граммын цэвэр усны савыг хамгийн түрүүлж дүүргэх, ухаалаг утас ашиглан зохион байгуулагчаас өгсөн мессежийг алдаагүй зөв, богино хугацаанд бичих, мост унах, ус үүрч гүйх, аргал түүх, морь чөдөрлөх зэрэг даалгавартай буухиа тэмцээн гэсэн таван төрлөөр өрсөлдсөн байна. Анхдугаар тэмцээний ялагчаар Дөхөм багийн хамт олон шалгарчээ.

Баяндэлгэр сум нь зургаан багтай. Үүний тав нь хөдөөний баг. Нэг багаас хоёр эмэгтэй, зургаан эрэгтэй гээд найман хүний бүрэлдэхүүнтэй баг оролцжээ.
Т. Одончимэг