Тэтгэврийн нас наашилсантай холбоотой малчдын мэдээллийг илүү нарийн авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-12-05 08:40:40
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Жилийн эцсийн өрх, хүн ам, хөдөө аж ахуйн тооллого энэ сарын 07-ноос 17-ны хооронд явагдана. Тооллогын бэлтгэл ажил хангагдаж дуусчээ. Үүнтэй холбоотойгоор хүн, малын шилжилт хөдөлгөөнийг түр зогсоох, засаг захиргааны бүртгэлээс хоцрох, хаягдах, давхар бүртгүүлэхгүй байх тал дээр анхаарч, иргэн бүр идэвхтэй оролцохыг уриаллаа.

“Энэ жилийн тооллогын гол онцлог нь малчдын тэтгэвэрийн насыг наашлуулах санал гарсантай холбоотойгоор малчдын мэдээллийг илүү нарийн авна. Мөн малын тоонд бус ашиг шимд нь анхаарч, эрчимжсэн мал аж ахуй эрхэлж буй малчдын талаарх мэдээллийг дэлгэрэнгүй авна. Мэдээж хүн бүр энэ тооллогод хамрагдах ёстой. Малаа тоолуулаагүй малчдад хуулийн дагуу хариуцлага тооцно. Аймгийн тооллогын комисс 24 гишүүнтэйгээр батлагдаад байна. Тооллогын бэлтгэл ажил хангагдсан гэж хэлж болно. Хамгийн гол нь тооллого явагдах өдрүүдэд иргэд маань маш идэвхтэй байх шаардлагатай.” хэмээн аймгийн Статистикийн хэлтсийн дарга Т.Эрдэнэбат хэллээ.

Тус аймгийн  хувьд 2016 оны жилийн эцсийн тооллогоор 17561 өрхийн 60032 хүн ам, 3 сая 30,5 мянган толгой мал тоолуулжээ.
Т.Одончимэг
関連ニュース