Аймгийн ИТХ-ын хуралдаан хэлэлцэх асуудлаа шийдэж чадаагүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-12-13 11:06:11
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн ээлжит тавдугаар хуралдаан болж байна. ИТХ-ын 32 төлөөлөгч бүгд оролцож, хуралдаан 100 хувийн ирцтэйгээр өглөөний 09 цагт эхлэв.

Хуралдаанаар аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2017 оны тайланг хэлэлцэх, аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, 2018 оны үндсэн чиглэлийн зорилт, 2016 оны төсвийн гүйцэтгэл, 2017 оны төсвийн тодотгол, 2018 оны төсвийн төсөл, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрөл олгох,сунгах, хяналт тавих журам гэсэн зургаан асуудал хэлэлцэхээр ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар баталсан. Гэвч ИТХ дахь АН-ын бүлгээс хэлэлцэх асуудлын эхэнд аймгийн засаг даргыг огцруулах санал орууллаа. Харин МАН-ын бүлгээс хурлын дэг журмын дагуу баталсан асуудлуудаа хэлэлцэх нь зөв гэсэн байр суурьтай байна.

Одоогоор хуралдаан хэлэлцэх асуудлаа эцэслэн шийдвэрлээгүй, хэлэлцэх түвшинд хуралдаан үргэлжилж байна.

Сүхбаатар аймгийн ИТХ хуралд МАН болон АН-ууд адил 16 суудалтай хэвээр байгаа юм.
Т.Одончимэг
関連ニュース