Говийн сумдад өвөлжилт хүндэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-01-16 11:39:25

Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Г.Батжаргал тэргүүтэй ажлын хэсэг Баян-Өндөр, Баянцагаан, Баацагаан, Бууцагаан, Хүрээмарал, Баянбулаг сумдад ажиллаж иргэд хөдөлмөрчидтэй уулзахын зэрэгцээ өвөлжилтийн байдалтай танилцлаа.
Өнгөрсөн зун нийт газар нутгийн 70 хувь гандуу, 30 хувь гантай байснаас энэ өвөл малчдад хүндхэн байна. Ялангуяа говийн сумдад сарын эхээр унасан цаснаас үүдэн улам ч хүндрэх нөхцлийг бий болгожээ. Нэгэнт бэлчээрийн даац хэтэрсэн, мал сүргийн тоо өссөн, малын гаралтай түүхий эдийг борлуулах зах зээл хязгаарлагдмал байгаа учраас энэ удаагийн аймгийн Засаг даргын албан томилолт өвөлжилтийн нөхцөл байдалд үнэлэлт өгч, шаардлагатай арга хэмжээг авахад чиглэв.
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах аймгийн Засаг даргын албан даалгаврын дагуу хувь малчин, сум, аймаг бэлтгэл ажлыг сайн хийж, 12 дугаар сарын байдлаар өвөлжилтийн бэлтгэлийг 80 гаруй хувьтай хангажээ. Гэсэн хэдий ч Баацагаан, Бууцагаан сумдын хувьд бэлтгэсэн өвс тэжээлийн нөөц хомсдож эхэлсэн байна. Эл нөхцөл байдлыг харгалзан үзэж аймгийн Засаг дарга дээрх сумдад ажиллах үеэрээ Улсын нөөцөөс тодорхой хэмжээний өвсгийг хямдралтай үнээр малчдад худалдаалах шийдвэрийг гаргалаа.
Ингэхдээ сум батлан даалт гаргаж, өвс тэжээлийг малчдад зээлээр өгөх юм. Харин үнийн хөнгөлөлтөөс үүсэх зөрүүг аймаг хариуцахаар болсон. Үүнтэй ижил ажил, арга хэмжээг өвөлжилт хүндрэх төлөвтэй Баянхонгор аймгийн зарим сумдад мөн авч хэрэгжүүлнэ. Энэ мэтээр өвлийг өнтэй давж, урин хавартай золгохыг энэ онд чухалчилж байна.
Цаашид мал сүргийн бүтэц, тоо толгойд анхаарч, мал болон бэлчээрийн зохистой харьцааг бий болгоход анхаарах ёстойг аймгийн Засаг дарга сумдын удирдлага, холбогдох мэргэжилтэн, малчдад сануулж байлаа. Энэ хүрээнд 2016-2020 онд хэрэгжүүлэх аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, жил жилийн үндсэн чиглэлд тусгалаа олж, хэрэгжиж буй малчдад чиглэсэн Төрийн торгон сүрэг хөтөлбөр, Илгээлтийн эзэн хөтөлбөр болон бэлчээрийн хортон мэрэгчтэй тэмцэх ажлыг шат шатандаа хэрэгжүүлэхэд анхаарч, үр дүнг нэмэгдүүлэх шаардлага байгааг ч тэрээр хэлж байсан юм.
2017 оны жилийн эцсийн мал тооллогоор Баянхонгор аймаг 4.6 сая орчим мал тоолуулж, улсдаа мал сүргийн тоогоор тавдугаарт орсон. Мал өссөн нь нэг талаар сайн үзүүлэлт боловч, эргээд ган, зудын үед хуйгаараа үхэж, үрэгдэх, улмаар малчид эрсдлээ даахгүй, эдийн засгийн хувьд уналтад орох эрсдлийг бий болгож байгаа юм. Цаашид мал сүргийг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил чухлаар тавигдаж байна.
Мөн Баянхонгор аймаг малын халдварт өвчингүй эрүүл бүсийн давуу талаа түшиглэн мал, махыг өмнөд хөршөд нийлүүлэх ажлыг 2017 онд албан ёсоор эхлүүлж, нэг сая толгой малыг худалдан борлуулах ажлын суурийг амжилттай тавьсан. Уг ажлыг хүрээнд Баянхонгор аймгийн гурван цэгт махны үйлдвэр байгуулагдахаар гэрээлсэн боловч Монгол Улсад гарсан малын халдварт өвчний улмаас өвчний голомт бүхий бүс нутгаар мах дамжин өнгөрүүлэх, улмаар хилээр гаргах боломжгүй болсон. Аймаг, орон нутгийн удирдлагаас шалтгаалахгүйгээр гацалтад ороод буй уг ажлыг энэ онд хэрэгжүүлэхэд  анхаарал хандуулан ажиллаж байна.

                                                                                            Б.Мөнхзул

関連ニュース