ТЭЗҮ-д шаардагдах үзүүлэлтүүдийг судлахаар ажлын хэсэг Дулааны станцад ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-01-22 15:43:07
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зарим аймгуудын дулаан хангамжийн системийг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд 10 аймгийн дулаан хангамжийн системийг сайжруулахаар болсоны нэг нь Сүхбаатар аймаг. Үүнтэй холбоотойгоор Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргын тушаалаар томлигдсон ажлын хэсэг Солонгосын KDHC компанийн баг, мөн аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг өнгөрөгч амралтын өдрүүдэд Баруун-Урт суманд ажиллалаа.

“Бид дулааны станцын техник эдийн засгийн үндэслэлд шаардагдах үзүүлэлтийг авах зорилгоор дулааны станц, хоёр халаалтын зуух, ус дулаан дамжуулах төв, дулаан хангамжийн системийн өнөөгийн нөхцөл байдалтай танилцлаа. Эндээс авсан үзүүлэлтээрээ техник, эдийн засгийн үзүүлэлтийг боловсруулан, улмаар ирэх 6 дугаар сарын дундуур сүүлийн тайланг Эрчим хүчний яаманд хүргүүлэх аж. Харин тухайн техник, эдийн засгийн үзүүлэлтээр ажлын зураг боловсруулагдаж барилга угсралтын ажил эхлэх чиглэлтэй байна”хэмээн Эрчим хүчний хөгжлийн төвийн хяналтын инженер Э.Баасанжав хэллээ.

Баруун-Уртын дулааны станц нь Солонгосын KOICA төслөөр 2013 онд ашиглалтанд орсон. Одоогоор бэлтгэл зуухгүй,  хоёр зуухтай, хоёр зуух нь бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа юм байна. Мөн хоёр ус халаалтын зуух ажиллаж байна. Орон сууц болон төвлөрсөн инженерийн шугаманд холбогдох айл өрх, албан байгууллагуудын тоо жилээс жилд нэмэгдэж байгаатай холбоотойгоор станц ачааллаа даахаа больж, одоогоор өөрийн хүчин чадлыг давуулан ажиллаж байгаа. Жишээ нь 2016 онд төвлөрсөн шугаманд холбогдсон 2080 өрх байсан бол 2017 онд 2195 болж нэг жилийн  хугацаанд 115 өрхөөр, албан байгууллага наймаар нэмэгджээ. Тиймээс яг өнөөгийн байдлаар цаашдаа өсөн нэмэгдэх хэрэглээг хангаж чадахгүй гэсэн дүгнэлтийг ажлын хэсгийнхэн гаргалаа.  

Хөгжлийн хамгийн том эхлэл бол дэд бүтцийн шинэчлэл засварын ажлууд. Энэ утгаараа ирэх онуудад бохир ус цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, инженерийн шугам сүлжээний засварын ажил, дулааны станцын өргөтгөл гээд хэд хэдэн томоохон ажлыг эхлүүлэхээр болсон. Дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдвэрлэснээр цаашид бусад ажил хэвийн үргэлжлэх, үйлдвэрлэл үйлчилгээ өсөн нэмэгдэх боломжтой гэж үзэж байгаагаа Засаг даргын орлогч Т.Амарбаатар энэ үеэр хэлж байсан юм.
Т.Одончимэг
関連ニュース