Дотуур байрны хүүхдүүд хоолонд хорджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн Улаангом сумын Цогцолбор 2-р сургуулийн дотуур байрны 9 хүүхэд хоолонд хордож аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байна.
Энэ сарын 19-нд тус дотуур байрны 9 хүүхдийн гэдэс нэгэн зэрэг өвдсөн байна. Энэ дагуу сургуулийн эмч, удирдлага цай хоолноос дээж авч аймгийн МХГ-т шинжилгээнд өгч, хүүхдүүдээ Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн 103 тасагт үзүүлжээ. Одоогоор Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн биеийн байдал хэвийн байгаа аж.
Өчигдөр аймгийн МХГ, ЭМГ, Нэгдсэн эмнэлгийн эмч нар тус дотуур байрны 130 гаруй хүүхдэд шинжилгээ хийсэн байна. Тэгэхэд дахиад 23 хүүхэд нян тээсэн байж болзошгүй байсан бөгөөд шинжилгээний хариу хараахан гараагүй байна.
Цогцолбор 2-р сургуулийн дотуур байр нь 75 хүүхдийн хүчин чадалтай ч аймгийн төвд дотуур байрны хүрэлцээ муу тул жил бүр хэмжээгээ хэтрүүлж 130 гаруй хүүхэд хүлээн авдаг байна. Энэ жил Улаангом сумын ЗДТГ-аас нэгдсэн журмаар тендер зарлаж ЕБС-иудын хүүхдийн Үдийн цай болон дотуур байрны хоолны бүтээгдэхүүний нийлүүлэгчдийг шалгаруулсан байна.
Тус дотуур байранд нийлүүлэгдсэн хүнсний бүтээгдэхүүнүүд болон гал тогооны ариун цэврийн байдалд аймгийн МХГ-аас хяналт шинжилгээ хийсэн бөгөөд одоогоор шинжилгээний дүн гараагүй байна.
Увс аймаг Б.Батхүү