Хэрэглээгээ өөрөө хянаж, зохицуулах боломжтой үйлчилгээ нэн даруй нэвтрүүлэхийг анхааруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБанхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Засаг даргын зөвлөлийнхөн “Баянхонгор-Эрчим хүч” цахилгаан түгээх ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Аймгийн Засаг дарга Г.Батжаргалын санаачилгаар аймгийн томоохон 20 ААН, байгууллагын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, иргэдийн зүгээс тухайн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой гарсан санал, гомдлыг газар дээр нь барагдуулах ажлыг ийнхүү эхлүүлж байгаа юм байна. Мөн үеэрээ тухайн байгууллагад тулгамдаж буй хүндрэл бэрхшээл, шийдвэрлэвэл зохих ажил арга хэмжээг тодорхойлох, ажилтан, алба хаагчдын ажлын байрны нөхцөл, нийгмийн асуудал ямар байдалтай байгаатай танилцах аж.
Тус компанийн захирал, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Т.Отгонбаатар компанийн 2017 оны үйл ажиллагааны талаарх танилцуулгад, “Баянхонгор-Эрчим хүч” ЦТХХК-ийн шугамын нийт алдагдлыг 2017 онд Эрчим хүчний зохицуулах хорооноос баталснаар 14,9 хувь байсан бол гүйцэтгэлээр 15,77 хувь болж 0,87 нэгжээр нэмэгджээ. Алдагдал өсөхөд 7-10 дугаар саруудад хүчдэл унаж горим алдагдсанаар шугам сүлжээний алдагдал бий болж, ачаалал өссөн зэрэг нөлөөлсөн" гэлээ.
Тус компани Е баримтыг бүх банк, Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөрөө дамжуулан олгож байгаа ч хөдөө орон нутгийн хэрэглэгчид Е баримт авч чадахгүй байгаа аж. Мөн нөхөж олгох боломжгүй учир баримт авах боломжгүй хэрэглэгчдэд гар утас руу нь баримт дээрх сугалааны дугаарыг явуулж бар кодыг бүртгэлжүүлдэг байна. 16 мянган төгрөгийн төлбөр тушаасан иргэн сугалаагаар нэг сая төгрөг хожиж баримтаа эргэж авахаар ирж байсан удаатайг мөн үеэр албаныхан хэлж байв.
Аймгийн Засаг дарга Г.Батжаргал "Компани үйлчилгээ үзүүлэхдээ хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, тэдний эргэлзээ тээнэгэлзээг бүрэн арилгахад анхаарч ажиллах шаардлагатай"-г хэлж байсан. Тиймээс хэрэглээний заалтаа тогтмол хянаж, харах боломжтой, эрчим хүчний хэмнэлтээ хувь хэрэглэгч өөрөө хянаж, зохицуулах боломжтой үйлчилгээг нэн даруй нэвтрүүлэх ёстойг онцолж байв.
"Баянхонгор-Эрчим хүч” ЦТХХК энэ оноос ухаалаг утсанд суурилсан аплекэшн нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж. Энэхүү аплекэшн нэвтэрснээр хэрэглэгч тоолуурын заалтаа тогтмол өөрөө хянах, төлбөр тооцоогоо хийх, эрчим хүчний хэмнэлтийг үр ашигтай хийх зэрэг олон давуу талыг бий болгох аж.
Б.Мөнхзул