Сүхбаатар аймагт хайрцаг, сав баглаа боодлын үйлдвэр байгуулагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-03-29 13:05:31
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын 21 аймаг дундаас анх удаа Сүхбаатар аймагт хайрцаг, сав баглаа боодлын үйлдвэр байгуулагдлаа. Ингэснээр орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүн өөрийн гэсэн савлагаатай болж, өнгө үзэмж борлуулалт нэмэгдэхийн зэрэгцээ орон нутгийн брэнд бүтээгдэхүүн жинхэнэ утгаараа бий болох боломжтой юм. Тус үйлдвэр нь өдөрт 500-600 ширхэг хайрцаг үйлдвэрлэх хүчин чадалтай.

Монгол Улсын хэмжээнд хайрцаг сав баглаа боодлын томоохон гэж хэлж болохоор 5-6 үйлдвэр Улаанбаатар хотод байдаг. Орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчид тэдгээр үйлдвэрүүдээс эсвэл БНХАУ-аас бэлэн хайрцаг, сав баглаа боодлоо худалдан авч бүтээгдэхүүнээ савладаг юм байна.

“Үйлдвэр маань туршилтаа дуусгаад одоо үйл ажиллагаагаа жигдрүүлж байна. Анх энэ төслийг эхлэх гэж байхад хүн бүр л хэцүү, бараг бүтэхгүй дээ гэж байсан. Гэхдээ бид зорьсоны эцэст үйлдвэрээ амжилттай ашиглалтад оруулж, орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчидтэйгээ хамтарч эхэллээ. Мэдээж 21 аймагтаа анхдагч гэдэг утгаараа бид эхлээд аймагтаа, дараа нь бүсийн хэмжээнд бүр цаашлаад улсын хэмжээний үйлдвэр болох том зорилт тавин ажиллаж байна. Үнэ ханшийн тухайд Улаанбаатар хотын үйлдвэрүүдийн үнэтэй ижил байгаа. Анхнаасаа хэт үнэтэй байвал үйлдвэрлэгчид маань авахгүй шүү дээ. Хуучин бол манай үйлдвэрлэл эрхлэгчид бэлэн цаасан хайрцагийг 2000-3000 төгрөгөөр худалдан аваад бүтээгдэхүүнээ савлаад зардаг байсан бол одоо манайхтай хамтарсанаар хүссэн өнгө загвар, хэмжээтэй хайрцгаа хийлгээд, мөн дээр нь лого, хаяг байршил, утасны дугаар гээд хэрэгтэй бүх мэдээллээ бичүүлээд яг адилхан 2000-3000 төгрөгөөр авч байна. Ингэснээр үйлдвэрлэгчид цаг хугацаа, хөрөнгө мөнгөө хэмнэхээс гадна яг өөрийн бүтээгдэхүүний имижийг бүрдүүлж чадаж байгаа юм. Залуус бид орон нутагтаа шинийг хийх хэрэгтэй. Гэхдээ өмнө нь бидэнд дэмжлэг үнэхээр дутмаг байсан. Банкнаас өөр ямар ч санхүүгийн эх үүсвэр байгаагүй. Харин өнгөрсөн жилээс аймагт маань Сүхбаатар хөгжил ҮТП байгуулагдаж, дэргэдээ ЖДҮ-ийг дэмжих сантай болсон. Энэ сангаар дамжуулж би ямар ч саад бэрхшээлгүйгээр хөрөнгөө босгож, ажлаа амжилттай хэрэгжүүлж чадсан. Энэ бол маш том дэмжлэг. Харин одоо бид цаашид үйл ажиллагаагаа илүү сайжруулах, харилцагчид олонтой болох нь чухал байгаа.” гэж "Тэлмүүн гүн" хайрцаг, сав баглаа боодлын үйлдвэрийн захирал Г.Гүндсамбуу хэллээ.   

Үйлдвэр ашиглалтад орсоноор гурван хүн тогтмол ажлын байртай болсон байна. Тус аймгийн төвд тогтмол үйл ажиллагаа явуулдаг таван бялуу, нарийн боовны цех, гурван пиццаны газраас гадна хэд хэдэн үйлдвэр үйлчилгээний газрууд бий. Мөн өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид ч цөөнгүй бий.
Т.Одончимэг
関連ニュース