Аймгийн Засаг дарга З.Энхтөр ажлаа хүлээлгэж өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-04-02 10:20:00
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн засаг дарга З.Энхтөр аймгийн ЗДТГ-ын хамт олон, аймаг сумдын удирдлагуудын өмнө ажлаа хүлээлгэж өглөө.

Тэрээр ажлаа өгөхдөө хэлсэн үгэндээ “Энэ хугацаанд хамтран ажилласан бүх хүмүүст талархал илэрхийлье. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ээлжийн амралтгүй ажиллаж, хичээж зүтгэж ирсэн ч надад ажлаа сэтгэл амар хийх нэг ч өдөр байсангүй. Хэдийгээр хүнд хэцүү, амаргүй цаг үе байсан ч бид бүхэн, манай баг хамт олон өөрсдийн бодож санасан, хийхээр төлөвлөсөн ажлуудынхаа эхлэлийг тавьж, тодорхой үр дүнд хүрч чадсандаа сэтгэл хангалуун байна. Орон нутагтаа төдийгүй улсынхаа хэмжээнд анхдагч гэж хэлэхүйц тодорхой зүйлүүдийг нутагтаа бий болголоо. Эрүүл мэнд, боловсрол, спортын салбарт ахиц дэвшил гарлаа. Үйлдвэрлэл хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх гэсэн үйл ажиллагааны хөтөлбөрийн гол чиглэл маань эхнээсээ биелэлээ олж оёдол, сүү цагаан идээ, хайрцаг сав баглаа боодлын үйлдвэрүүд ашиглалтад орж, үйл ажиллагаа нь жигдэрлээ. Дараа дараагийн удирдлагууд маань төрийн залгамж чанарыг хадгалаад эдгээр эхлүүлсэн ажлуудыг маань үргэлжлүүлээд ажиллаасай гэж хүсч байна. Энэ бүхний эцсийн үр дүнг аймаг орон нутгийн ард иргэд хүртэх ёстой гэсэн байр суурьтай байна. Эцэст нь хэлэхэд би ямар нэгэн байдлаар хулгай хийж, хууль зөрчиж ажлаа өгөөгүй, хуйвалдааны золиос болж ажлаа өгч байгаа гэдгээ дахин хэлмээр байна.” гэв.

ИТХ-аас аймгийн дараагийн засаг даргаар Р.Дэлгэрцогтыг батламжлуулахаар Ерөнхий сайдад уламжилсан ч одоогоор ямар нэг шийд гараагүй байна. Дараагийн Засаг даргыг томилогдтол засаг даргын үүргийг гүйцэтгэж, хариуцлага хүлээх эрх бүхий албыг аймгийн Засаг даргын орлогч Т.Амарбаатар хүлээж авсан юм.
Т.Одончимэг
関連ニュース