Шүлхий өвчний шинж тэмдэг бүхий 89 үхрийг ялгаж, устгалд оруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-04-02 22:17:46
Архангай /МОНЦАМЭ/.  Архангай аймгийн Ихтамир  сумын Эрдэнэтолгой  багийн /сумын төвөөс баруун урд зүгт 10 км/ Нарийн тээлийн морин толгой гэх газар хаваржиж буй  малчин П.Аззаяа, Х.Доржбат нарын хотонд  байгаа малаас шүлхий өвчний шинж тэмдэг бүхий нийт 89 үхрийг  ялгаж, устгалд оруулжээ.

Шүлхийн голомт бүхий газарт 20  өрхийн 30 том хүн, 24 хүүхэд, үхэр 1453, хонь 4381, ямаа 2632 нийт 8466  толгой мал байгаа ажээ.

Өнөөдрийн байдлаар Ихтамир суманд байгаа голомтын бүсийг тойрон суурин 6 пост, 2 хөдөлгөөнт эргүүл, нэг хээрийн эмнэлэг, хээрийн штабын гэр нэг, голомтын устгалын цэг нэг, голомтын солилцох цэг нэг тус тус ажиллаж байна. Нийт 9 авто машин, 6 мотоцикльтой 44 хүн  ажиллаж байна.
 
Энэ сарын 02-ны байдлаар шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх 1400 тун вакциныг  хүлээн авч, голомтын бүсийн 20 өрхийн 1417 үхэр вакцинжуулахаас 1114  үхрийг вакцинжуулж 83,5 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн голомтын бүсийн авто машин болон  хашаа хороо, өтөг бууц гээд нийт 2830 м/кв талбайд ариутгал, халдваргүйжүүлэлтийг  /Hi-cop/ бодисоор хийж байна.

Цаашид сумын хэмжээнд 59090 бод, 270973  бог малыг шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэхэд бодод шилжүүлснээр 195,0 мянган тун вакцин шаардлагатай байгааг голомтод ажиллаж байгаа мэргэжлийн хүмүүс хэлж байна.
Б.Гэрэлт-Од
関連ニュース