“Бог малын ангилагч-шинжээч бэлтгэх” сургалт зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-04-24 21:38:16
Архангай /МОНЦАМЭ/. “Малын генетик нөөцийн тухай” хууль, “Монгол мал” хөтөлбөрийн хоёр дахь үе шатыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд малын удам гарвал, ашиг шимийн чиглэлийг тодорхойлох, үржлийн ажил үйлчилгээг сайжруулах зорилгоор “Бог малын ангилагч-шинжээч бэлтгэх” сургалтыг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал зүйч үржүүлэгчдийн холбоо, Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран энэ сарын 22-28-ны өдөр хүртэл 7 хоногийн хугацаанд зохион байгуулж байна.

Сургалтаар “Бог малыг ангилах, ангилалт хийх ажлыг зохион байгуулах аргачлал”, “Бог малын хээлтүүлэгчийг мэргэжлийн ажил үйлчилгээний нэгжид ялган төвлөрүүлэх”, “Бэлчээр ашиглалт, тэжээллэгийн онцлог” зэрэг сэдвээр онолын мэдлэг олгох хичээл явагдаж, аймгийн Цөм сүрэг үржлийн төвийн мал дээр очиж хонь, ямаанд ангилалт хийх дадлага хичээл орох юм.

“Бог малын ангилагч-шинжээч бэлтгэх” сургалтыг зохион байгуулснаар орон нутагт ажиллаж буй мэргэжилтнүүдийн мэргэжил арга зүйг дээшлүүлэн, мал сүрэгт үзлэг ангилалт хийж, шилмэл хээлтэгч, хээлтүүлэгчийг сонгон, цөм сүрэг бүрдүүлэн шилмэл хээлтэгч, хээлтүүлэгч бойжуулан үржилд ашиглах, ашиг шимийн түвшин буурч үүлдэрлэг байдал алдагдахад хүрч буй үүлдэр омгийн малыг шинжлэх ухааны үндэслэлтэй үржүүлж шинэ үүлдэр омгийн мал сүрэг бий болгох, малын ашиг шимийг нэмэгдүүлэх нөхцөл боломж бүрдэнэ гэж үзжээ.

Сургалтад сумдын Мал эмнэлэг үржлийн тасаг, мал үржүүлэг технологийн ажил үйлчилгээ эрхэлж байгаа мэргэжилтнүүд, сургалтад хамрагдах хүсэлтэй мал зүйч мэргэжилтэй 25 хүн хамрагдаж байна.
Б.Гэрэлт-Од
関連ニュース