10 га-д тархсан ойн хээрийн түймрийг унтраажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-06-19 18:21:49
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Чулуут сумын Халуун ус багийн нутаг Хойд мөрөнгийн Тээлийн даваанд энэ сарын 15-нд ой хээрийн түймэр гарсан байна. Дуудлагыг сумын ЗДТГ-т тухайн өдрийн 16.00 цагийн үед авч, оройны 22.30 цагт галын голомтод очсон байна.
Тус газар гарсан ой хээрийн түймэр нь 10 га бартаа ихтэй газарт тархаж, асалт ихтэй хүнд зэрэглэлийн түймэр байсан бөгөөд аймгийн Онцгой байдлын газрын гал унтраах 51-р анги болон сумаас 34 хүний бүрэлдэхүүн ажиллаж 6-р сарын 17-ны шөнө унтраалаа гэж аймгийн ОБГ-аас мэдээлэл хийлээ.

Өнөөдрийн байдлаар ой хээрийн түймэр гарсан шалтгааныг  тогтоохоор ажиллаж байгаа юм на.

Архангай аймгийн тухайд энэ хавар зун ой хээрийн түймэр гараагүй байжээ.
Б.Гэрэлт-Од

 
関連ニュース