Архангайд шүлхий өвчин нэмж гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Өгийнуур, Хашаат, Хотонт, Төвшрүүлэх, Цэнхэр сумуудад малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбоотойгоор аймгийн Онцгой комиссын хурал өнөөдөр өглөө 10.30 цагт хуралдлаа. Хуралд ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле оролцсон юм. Архангайн дээрх сумдад гарсан бог малын шүлхий өвчний талаарх мэдээллийг аймгийн ХХААГ-ын дарга П.Гомбодорж өглөө.
ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле шүлхийн голомттой газруудад хулгайн зам их байгааг хэлээд анхаарч, хяналтандаа авч ажиллахыг аймгийн Цагдаагийн газарт анхаарууллаа. Мөн хүн, малын шилжилт хөдөлгөөнийг бүрэн зогсоохыг Онцгой комиссын гишүүдэд үүрэг болгосон юм. Тэрээр шүлхийн өвчин тархсан байдал нь цэвэр хариуцлагын алдаанаас болсон гэдгийг хэллээ. Тэрээр, мэргэжлийн байгууллагууд уялдаа холбоотой ажиллах, өмнө нь өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг албан бичгээр 06-р сарын 25 гэхэд хүргүүлсэн байх, голомттой газруудад байгаа хулгайн замыг анхаарч, хяналтандаа авч ажиллах, дотоодын жуулчдыг анхааралдаа авч, мэдээлэл өгөх, малын хөдөлгөөнийг хорих арга хэмжээ авах, өвчний голомттой газраас айл нүүлгэж байгаа тээврийн хэрэгслийн жолооч нарт хариуцлага тооцох, голомттой бүсд орж малаас дээж аваад буцаж гарсан малын эмчийн эмчлэх эрхийг хасаж, мал эмнэлгийн албаны даргад хариуцлага тооцох, мэргэжлийн хяналтын газрыг муу ажиллаж байгааг хэлээд үүргийнхээ дагуу сайн ажиллах зэрэг хэд хэдэн үүрэг даалгаврыг аймгийн Онцгой комиссын гишүүдэд өгөв.
Түүнчлэн, шүлхий өвчний тархалт, явцыг долоо хоног хараад нэмж гарвал баяр наадам, “Сарлаг фестиваль” зэрэг олныг хамарсан соёлын арга хэмжээ болон жуулчны баазуудын үйл ажиллагааг хорино хэмээн хатуу анхааруулсан юм.
Аймгийн Онцгой комисын зүгээс бусад аймгуудын Цагдаагийн болон Онцгой байдлын байгууллагуудаас хүч нэмж өгөхийг мөн тодорхой зардал болон камер, техник хэрэгслийн туслалцаа дэмжлэг хэрэгтэй байгааг ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулед танилцууллаа.
Б.Гэрэлт-Од