Тариат сумын эмнэлэг шинэ тоног төхөөрөмжтэй болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-06-27 12:20:20
Архангай /МОНЦАМЭ/. Японы хүүхдийг ивээх сангийн хэрэгжүүлж буй Денан эрүүл мэндийн төслийн хүрээнд Тариат сумын сум дундын эмнэлэгт 28,6 сая төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх явуулын мобайл тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч, эмч нарт төхөөрөмж ажиллуулах чиглэлээр сургалт хийлээ.
Төслөөр явуулын зүрхний цахилгаан бичлэг, I PAD, зөөврийн эхо оношлогооны аппарат, даралтын аппарат, өндөр, жин хэмжигч, сахар тодорхойлогч, хелико бактери болон холестрин хэмжигч төхөөрөмжүүд, В, С вирус, ДОХ, тэмбүүний тест, цус авах шил, цэрний сав зэрэг 27 нэр төрлийн тоног төхөөрөмж, эмнэлгийн дагалдах хэрэгсэл ирсэн байна.


Тариат сумын эмч нар явуулын мобайл төхөөрөмжтэй болсон нь ойрын болон алсын дуудлагад авч явж, тухай өвчтөнийг цаг алдалгүй үзэж оношлох, эмчилгээ хийх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг газар дээр нь авах боломжтой болж байгаа юм.

АНУ-ын санхүүжилттэй Денан эрүүл мэндийн төслийн гол зорилго нь Архангай аймгийн Тариат сумын сум дундын эмнэлгийн үйлчилгээг сайжруулж, аймгийн жишиг эмнэлэг болгох явдал юм. Энэ хүрээнд 2015 оны 12 дугаар сард Хантер маркийн авто машиныг тус эмнэлэгт нийлүүлж байжээ. 2016 онд 29,2 ам.долларын хөрөнгө оруулалтыг тус сумын эмч, сувилагчдыг чадавхжуулах, нийгмийн эрүүл мэндийн сургалт сурталчилгаа, шатахуун, тоног төхөөрөмж зэрэгт зарцуулсан байна.  
Б.Гэрэлт-Од
関連ニュース