Газарт буусан хөх тэнгэр Тэрхийн цагаан нуур

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-07-16 22:54:45
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг нь түүхэн дурсгалт болон байгалийн үзэсгэлэнт 18 газрыг аймгийнхаа ИТХ-ын Тэргүүлэгчдээр 2016 онд батлуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, түүх, дурсгалын 9 гайхамшиг, байгалийн 9 гайхамшиг газрыг баталсан юм. Эдгээрээс гадаад, дотоодын жуулчдын зорьж аялах дуртай “Тэрхийн цагаан нуур”-ын тухай өгүүлье. 

Архангай аймгийн аялал жуулчлалын гол бүс нутаг Тэрхийн цагаан нуур нь Архангай аймгийн Тариат суманд байдаг бөгөөд аймгийн төв Цэцэрлэг хотоос баруун зүгт 170 км хатуу хучилттай замаар 3 цаг зогсолтгүй явж очно. Харин Тариат сумаас баруун хойд зүг 20 км шороон замаар явж байж нууранд хүрнэ.

Тэрхийн цагаан нуур хүрэх нийт 190 гаруй км замд Ихтамир сумын “Тайхар чулуу”, Өндөр-Улаан сумын “Чулуут голын хавцал”, “Чойдогийн боргио”, “Хоргын тогоо”, тэгш тал дүүрэн хүрмэн чулуу, ой мод, ганц хүний агуй, шар нохойн там, долоон гэр гэх зэрэг түүх, домог агуулж, аялал жуулчлалын маршрутын нэг болсон газруудыг үзэх боломжтой. Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг нь түүхэн дурсгалт болон байгалийн үзэсгэлэнт 18 газрыг аймгийнхаа ИТХ-ын Тэргүүлэгчдээр 2016 онд батлуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, түүх, дурсгалын 9 гайхамшиг, байгалийн 9 гайхамшиг газрыг баталсан юм. Эдгээрээс гадаад, дотоодын жуулчдын зорьж аялах дуртай “Тэрхийн цагаан нуур”-ын тухай өгүүлье. 







Тэрхийн цагаан нуурыг зорих аялагчид жилээс жилд нэмэгдэж байгаатай холбоотойгоор Тариат сумын удирдлагууд, ард иргэдтэйгээ зам, давааг нь зассан байдаг. Мөн Хоргын тогоо, нуур үзэх аялагчид хүн тус бүрийнхээ тоогоор 500 төгрөгийн хураамжийг Суман голын гүүр дээрх постод хураалгана. Энэ мөнгө нь  сумын төсөвт ордог бөгөөд тодорхой хувь нь эргээд зам, давааг сайжруулах, орчны тохижилт хийхэд зарцуулагддаг байна.

Тэрхийн цагаан нуурын урд, хойд талд нийт 7 бааз, 180 гаруй эко гэрүүд жуулчдыг хүлээн авдаг ба нэг гэрийн үнэ 50,000-100,000 төгрөг байдаг.



Тэрхийн цагаан нуур нь галт уулын дэлбэрэлтээс үүссэн Хангайн нурууны үзэсгэлэнт нууруудын нэг. Хорго уулаас баруун тийш 2-3 км-ийн зайд байрладаг энэ нуурын урт нь 16 км, өргөн нь 6 км, 20 метр гүн цэнгэг устай урсгал нуур юм. Далайн түвшнээс 2060м өндөрт байдаг. Хойд, урд Тэрхийн гол нийлж Тэрхийн цагаан нуурын баруун өмнөөс цутгадаг юм.

Тэрхийн цагаан нуур байгаа газар нь урьд өвс бэлчээр сайтай уужим тал нутаг байсан тухай домог бий. Тал дунд нэг худаг байсан бөгөөд эрт цагт эмгэн өвгөн хоёр тэр худгаас ус аваад худгаа тагладаг байжээ. Гэтэл эмгэн нэг удаа ус аваад худгаа таглахаа мартчихжээ. Тэр шөнө худаг нь оргилж алтан дэлхий усны үерт автах аюул нөмөрсөн байна. Энэ үед Бөх Мандал гэгч нэгэн хүчтэн Уран Мандал уулын оройг таслан аваад хутгийн таг руу шидэж хаасан гэдэг. Ингэж хаахад нь хальж асгарсан ус Тэрхийн цагаан нуур болон үлджээ. Ийнхүү гэнэт нуур тогтсоныг нутгийн хүн хараад “Тэр их нуурыг хараач” гэж дуу алдсанаар уг нуурын нэрийг “Тэр их” гэж нэрлэх болж, хожим “Тэрх” болон хураагдсан гэдэг.

Газар дахь цэлмэг хөх тэнгэрийг харах шиг л цэнгэг устай Тэрхийн цагаан нуурын өглөөг та хэзээд санагалзан дурсах болно.






 
Б.Гэрэлт-Од
関連ニュース