Н.Золзаяа: Ээж маань аавын машины дууг хаа холоос таньдаг байж билээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт авто тээврийн бааз үүсч хөгжсөнийн 70 жилийн ойн арга хэмжээ өнгөрөгч амралтын өдрүүдэд боллоо. Ой тохиож байгаатай холбогдуулан аймгийн “Бумтан 6 бааз”-ын жолооч байсан Ө.Намсрайгийн тухай түүний ууган охин Н.Золзаяа сэтгэлд үлдсэн дурсамжуудаас ийн дурслаа.
“Миний аав Намсрай нь Архангай аймгийн Хотонт суманд ард Өлзийбатын ууган хүү болж мэндэлсэн. Аав маань Хотонт суманд Сум нэгдлийн Боловсон хүчнээр ажиллаж байхдаа манай ээж Амгалантай гэр бүл болж Золзаяа, Амарзаяа гэсэн хоёр охинтой болсон. Манай аавыг хайр татам хөөрхөн ааштай, хүнд тусархуу, сэргэлэн цовоо, алиа хошин зантай, биерхүү эрүүл чийрэг өссөн, спортын төрөл төрлөөр хичээллэдэг, нийгмийн идэвхи санаачлагатай залуу байсан гэж Хотонт суманд аавтай минь хамт ажиллаж байсан ахмадууд дүгнэн ярилцаж байхыг би багадаа нэг бус удаа сонсож байсан. Намайг бага байхад аав маань наадамд зодоглочихдог, гарбөмбөгийн болон теннисийн тэмцээнд сумаа төлөөлөн тоглодог байсан юм. Ерөөс суманд аавд хамааралгүй ажил үгүй мэт. Хөдөөгүүр явж малчдыг бичиг үсэгт сургана, мал төллөх хадлан өвс авах гээд бүхий л ажилд аав минь бусдыг манлайлан оролцож явсан түүхтэй. Харин манайх 1974 онд аймгийн төв рүү шилжиж орж ирснээр аавын жолоо барих “Алтан шар зам” нээгдсэн юм.
Аав 1975 онд Авто сургууль төгсөж Архангай аймгийн Авто тээврийн 6 дугаар баазад жолооч болсон юм. Аавын хамгийн анхны машин бол аймгийн төв дотор явдаг Москвич маркийн цагаан өнгийн такси байсан юм. Аав орой болгон баазын гражид машинаа тавина. Манай гудамжны бараг л бүх хүүхдүүд аавыг машин тавихад нь сууж явна. Манайх тэр үед 1 дүгээр 10 жилийн сургуулийн арын хороололд байсан юм. Одоо аймгийн төв зах болсон баазын хашаанд машинаа тавьчихаад буцахдаа албатай юм шиг л жижгүүд нь аавд үүрүүлэх нь үүрүүлж, тэврүүлэх нь тэврүүлсээр харьцгаадаг сан. Дүү бид хоёр заримдаа аавтай хамт таксинд явна аа. Тэр үед одоотой адил зах зээлд орсон биш машинд гар өргөж суучаад мөнгө төлнө гэдэг ойлголт байдаггүй байсан юм. Аймагт таксиддаг хүн нь голдуу ТМС-ийн хүүхдүүд. Аав тэднийг өхөөрдөөд үнэгүй шахам л зөөнө. Жил орчим таксины жолооч хийгээд сүүлд нь бензин дутаагаад машинаа өгсөн байх. Аав саяхан жолооны сургууль төгссөн залуу жолооч тул нөхөөсөнд явна, эсвэл намрын ургац гэх мэт дайчилгаанд явдаг байсан юм.
Аавын хоёр дахь албан ёсоор барьсан машин нь Ихтамир сумын шуудангийн тэрэг болох УАЗ-452 буюу “аавын цээж” гэж нэрлэдэг машин юм. Аав Ихтамирын шуудангийн машин барьдаг болсон биш машин дүүрэн Тамирынхан манайд ирж хонодог болж ээж баахан хүн эмнэлгээр дагуулан үзүүлж харуулах эмнэлэгт хэвтүүлэх ажилтай болсон юм. Хөдөөнөөс хүн ирж хононо, дүү бид хоёр зоолттой бөөстчихсөн байдаг байж билээ. Аав албан ёсны шуудангийн үйлчилгээ үзүүлэхээс гадна эмнэлэгт хүргэхийг нь эмнэлэгт хүргэж, цэрэгт гаргаж өгөхийг нь гаргаж өгч, захисан бараа таваарыг нь олж хүргэж өгч, шорон оронд орсныг нь эргэж тойрч үйлчилгээг жинхэнэ утгаар нь хүргэж байсан юм. Олон ч сайхан хүмүүстэй эжий ахай болж, Архангайн Тамирын гэх тодотголтой сайхан цагаан идээг мөн ч олон жил хүртсэн дээ манайх.
1978 оноос ээж маань Анагаахын дээд сургуульд сурах болж манайх хоёр газар тасарч амьдрах шаардлагатай болсон юм. Аав маань хот уруу тээвэр хийдэг том тэрэг АР 19-27 гэсэн дугаартай шар өнгийн Краз машин барьдаг боллоо. Намсрай ахын “Замын хуудсууд”-ыг харахад дандаа Улаанбаатар, Улаанбаатар гэж ярайтал бичигдсэн байдаг байж билээ гэж хамт ажиллаж байсан эгч хуучилж байсан юм. Чилийсэн 6 жил гэдэг урт хугацаа шүү. Тээвэрт явж явж ирэхэд нь мөсний хонгил шиг эзэнгүй ханхай гэр угтана. Нэг удаа кразтайгаа Улаанбаатараас Архангай явж байгаад Өгийнуурын мөс цөмөрч айхтар юм болсон шиг байгаа юм. Аав минь бусад жолооч нарын хамт засгийн бараа таваар усанд нороод сүйд болох нь гээд л ханцуй шамлан орж кразын тэвш дүүрэн барааг эрэг рүү үүрч зөөсөн гэж хожим нь томчууд хуучлан ярьж байхыг сонссон юм. Тэгээд тэр том машиныг нуурын мөснөөс яажшуу гаргаж авсан юм бүү мэд төсөөлөхөд ч бэрх. Тэр үед 6-р баазад ганцхан л хүнд даацын машин байсан нь манай аавын машин юм. Шар кразтай гэхээр хүн болгон андахгүй мэддэг байж билээ.
Тэр үеийн жолооч нарын мөрөөдөл шинэ ЗИЛ-130 машин барьж холын замд тээвэр хийх явдал байсан байх гэж би таамагладаг байсан юм. Аав ч тэр жишгээр АР 32-45 гэсэн хүнгэнэсэн сайхан дуутай гуч машин барьдаг байсан юм. Ээж маань шөнө дөлөөр ч, үүрээр ч аавын машины дууг хаа холоос таньдаг байв. Бид оюутан болоод амралтаараа ирэхдээ аавдаа шил юмтай ирнэ, аав маань тогоо дүүрэн мах чануулж байгаад л жолооч найз нараа дуудан охины маань бэлэг гээд л тэдэндээ амсуулдаг сан. Тэд махаа идэнгээ миний авчирсныг тойруулж хүртээд цааш хэтрүүлж ууна ч гэж байхгүй, тэгээд л гэр гэрийн зүг хөдөлцгөөдөг байж билээ. Тэд бүгд жолооч учир машинтайгаа манайд ирцгээнэ. Манай гудамжаар дүүрэн гуч машин цуварч эгнээд зогсчихсон байдаг сан. Аавын маань найз нар Пэрлэйлхүндэв ах, зазаан Лхагвасүрэн ах, Цэрэндамба ах, Давгасамбуу ах гээд олон сайхан ах нар манайхаар орж гарч байсан. Пээгээ ах дүү бид хоёрыг жаахан байхад гудамжинд тааралдахаараа “Энэ хоёр сайн уу” гээд л бид хоёртой тусгайлан мэндэлдэг байж билээ. Тэд тээвэрт гарахдаа хоёр гураваараа хамтдаа гарна. Ачаагаа ачаад жимбийтэл олс татлагаа татчихсан, чиргүүл юугаа шалгаад л, бүх юм нь жин тан гуч машинууд цуваад зогсчихсон нэг л сэтгэл хөдлөмөөр ч юм шиг, сүрдмээр ч юм шиг байдаг байж билээ. Өндөр өндөр даваа гүвээгээр хүнгэнэтэл хаазлаад л гарна, аавын минь машин үнэхээр урамтай сайхан унаа байсан шүү. Ид л эр хүний эд хаваа гайхуулах, хийж бүтээх сайхан насаа улс эх орон, тээврийн байгууллагадаа зориулсан даа тэд. Тэгээд хээр гараад үдэлцгээнэ. Хүн бүр хувийн хүнстэй. Бүгд хүнсээ гаргаж дэлгэж тавьж байгаад цайгаа ууцгаана шүү дээ. Тэд тэрүүхэндээ тансаг аа. Примус асаагаад цайгаа чаначихна. Давс, цай, борц, шүдэнз, лаа гээд бүх юм нь зэхээстэй. Ийм л явсан, ингэж л явсан улс даа тэд. Хувийн унаа одоо цаг шиг байсан биш, бид аавынхаа буянд явгарч үзээгүй хүүхэд насыг өнгөрөөсөн дөө.
Яг л ийм сайхан үед гэнэт нийгэм өөрчлөгдөж ачаа бараа ч олдохоо больж, сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байсан тээврийн байгууллага нь хувьчлагдаж, хийж бүтээх ид насан дээрээ яваа эрчүүд ажилгүйчүүдийн эгнээнд оров. Ингэж гэнэт ажилгүй болсон нь олон сайхан эрчүүд уруу дорой явах, архинд орох, хөдөө мал дээр гарах, ТҮЦ-ний бараа зарах гээд юм юмыг үзсэн дээ тэд. Үүнийг би маш том хэлмэгдүүлэлт, нийгмийн золиос болсон гэж боддог юм. Энэ хэлмэгдүүлэлтийн сүүдэр аавыг минь ч тойроогүй ээ. Сүүлд 2006 онд Авто тээврийн байгууллагын 80 жилийн ой болох жил манай нөхөр “Оллоо такси” компанийн захирлаар ажиллаж байхдаа 80 жилийн ойн медалиар шагнуулж байсан юм. Тэгэхэд аав минь халамцчихсан төр түмэн нүдтэй гэдэг шал худлаа юм даа гэчихсэн сууж байж билээ. Үнэндээ насаараа тээврийн байгууллагад ажилласан хүн, ганцхан жил такси компаний захирал хийсэн хүн хоёрын хооронд алд дэлэм зөрөө бий л дээ. Үүнийг гомдож гоморхож хэлж байгаа юм биш ээ, ердөө л бодит үнэн ийм байсан юм. Аав минь тэр сайхан ажлынхаа буянд тэтгэвэр нь өндөр тогтоогдож насан өөд болтлоо юугаар ч дутагдаж гачигдаагүй амьдарсан. Ихтамир сумын ах дүү нараас одоо хүртэл идээ цагаагаа зөөж, үерхэлдээ үнэнч байгаа зарим нь ч бий. Энэ бүхэн “Алтан шар зам”-ын буян билээ.

Б.Гэрэлт-Од