“Бумтан” 6 дугаар баазын 70 жилийн ой тохиолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-07-30 16:38:26
Архангай /МОНЦАМЭ/. “Бумтан” 6 дугаар баазын 70 жилийн ой энэ сарын 28, 29-ний өдрүүдэд болж өнгөрлөө. Тус баазад ажиллаж байсан жолооч буурайгууд баярын хуралдаа сууж, уулзалдаагүй олон жил болсон анд, найз нөхөдтэйгөө хуучлан, ирж амжаагүй бусдыгаа бие биеэсээ асууж сураглан баярлацгаалаа.

Баярын хурлын үеэр авто тээврийн тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр 11, онц тээвэрчин тэмдгээр 20, санхүү банкны тэргүүний ажилтнаар 4, Авто тээврийн үндэсний төвийн хүндэт өргөмжлөлөөр 26, осолгүй манлай жолоочоор 5, Зам тээврийн хөгжлийн яамны жуух бичгээр 3, аймгийн Засаг даргын жуух бичгээр 17, Эрдэнэбулган сумын Засаг даргын жуухаар 6 хүнийг тус тус шагналаа. Мөн нийтийн хоолны хүндэт тэмдгээр нэг хүн энгэрээ мялаалаа.

Монгол оронд XX зууны 20-иод он хүртэл орчин үеийн механикжсан тээврийн төрлүүдийг хөгжүүлэх зарим оролдлого байсан хэдий ч ердийн хөсөг, морин өртөө нь тээврийн үндсэн үүргийг гүйцэтгэж байсан байна. Монгол Улсад авто тээврийн анхны байгууллага “Монгол тээх нэвтрүүлэх газар” нь 1925 онд үүсэн байгуулагдаж байжээ. Тус газар нь 1929 онд “Монгол транс”-ыг 20 автомашинтай байгуулж, аймаг орон нутагт салбаруудаа нээсэн байна. 1929 оны дунд үед Архангай аймгийн төвд “Монгол транс”-ыг байгуулж байжээ.
Хөгжлийн явцад 30 машинтай автотээврийн 6 дугаар баазыг 1948 ны 10 дугаар сард байгуулсан байна. Тус баазын авто тээвэрчид “Бумтны”, болон “Саятны”, социалист хөдөлмөрийн зэрэг олон төрлийн өндөр бүтээлийн хөдөлгөөнийг улс, аймаг орон нутагт санаачлан өрнүүлж, улмаар орон даяар түгээн дэлгэрүүлсэн нь тухайн үеийн улс, аймгийн нийгэм эдийн засагт асар их ач холбогдолтой ажил болжээ. “Бумтан” баазын тээвэрчид хамт олон дотроосоо БНМАУ-ын хөдөлмөрийн баатар 3, гавьяат тээвэрчин 4, ачаа тээврийн болон зорчигч тээврийн улс, орон нутгийн олон аваргуудыг төрүүлж байсан байна.
Б.Гэрэлт-Од
関連ニュース