Гурван өдрийн үзлэгээр 14 хавдар илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-08-28 10:12:59
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ, Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн газар санаачлан БНСУ-ын Хамкеханы Сараанбат Олон улсын хүмүүнлэгийн байгууллага, Хавдар судлалын үндэсний төвтэй хамтран зорилтот бүлгийн иргэдэд үнэ төлбөргүй үзлэг оношлогоо хийлээ. Гурван өдрийн турш үргэлжилсэн үзлэг оношлогоонд 600 орчим хүн хамрагдсанаас дөрвөн төрлийн 14 хавдар илрүүлжээ.

“Гурван өдөр үргэлжилсэн үзлэгт иргэд маш идэвхтэй хамрагдлаа. Бид хамын ажиллагаанд тусгагдсаны дагуу зорилтот бүлгийн иргэдрүүгээ түлхүү анхаарч ажилласан. Нарийн мэргэжлийн эмч нар долоон чиглэлээр үзлэг оношлогоо хийлээ. Сүхбаатар аймгийн хувьд элэг болон хоол боловсруулах замын өвчлөл их байдаг нь ажиглагдлаа. Үзлэгийн үр дүнд элэгний зургаа, хөхний гурав, ходоодны нэг, эмэгтэйчүүдийн дөрвөн хавдрыг илрүүлсэн. Мөн хавдрын урьтал хоёр тохиолдол бүртгэгдлээ. Илрүүлсэн хавдрууд дунд эмчлэгдэх боломжгүй болсон тохиоллдол ч байна. Эмчлэгдэх боломжтой өвчтөнүүдээ эмч нар өөрсдөө үзсэн учир дараагийн эмчилгээ, заавар зөвлөгөө өгч байна. Мөн манай багийн эмч нар улаан хоолойн судасны дөрвөн мэс ажилбарыг газар дээр нь хийлээ” хэмээн эмч нарын багийн ахлагч, дурангийн их эмч Б.Амарбат хэллээ.

Үзлэгээс гадна нарийн мэргэжлийн эмч нар орон нутгийн эмч, эмнэлгийн ажилтнуудын чадавхийг сайжруулах зорилгоор “Зонхилон тохиолддог зарим өвчнийг онцлох, эмчлэх арга” сэдэвт нэг өдрийн сургалт явуулсан байна.
Т.Одончимэг
関連ニュース