Хог хаягдлын нөөц тогтоох судалгаа хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-09-07 09:15:30
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар хөгжил үйлдвэр технологийн парк /ҮТП/-ын санаачилгаар Баруун-Урт сумын нэгдсэн хогийн цэгт хогийн менежментийг боловсруулах ажлын хүрээнд хогийг ангилан ялгах, нөөц тогтоох судалгаа анх удаа хийж байна. Судалгааны гол зорилго нь хог боловсруулах жижиг дунд үйлдвэр байгуулахад ямар нөөц бололцоо байна, энэ нь үр дүнд хүрэх боломж бий юу, цаашлаад үйлдвэр байх уу эсвэл ангилан ялгах төв байх уу гэдгийг тодорхойлох юм.

Хогийн нөөц тогтоох судалгааны ажлын төслийг Баруун-Урт сумын ЗДТГ-аас санхүүжүүлж, аймгийн ХХҮГ-т бүртгэлтэй ажилгүй арван иргэнийг түр ажлын байраар хангажээ. Долоо хоногийн хугацаанд хаягдаж буй хогноос хуванцар сав, шил лааз, гялгар уут, бор кардон цаас зэргийг ялгаж, хэмжээг нь тогтоож байгаа аж.

Энэ талаар Сүхбаатар хөгжил ҮТП-ын төсөл, зээл хариуцсан мэргэжилтэн У.Ерөөлтөөс тодруулахад “Судалгааны ажил дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Хамгийн эхний өдөр арав, хоёр дахь өдөр зургаа, өнөөдөр гурав дахь машин хог буугаад байна. Нэг машинаас буусан хогийг ангилан ялгаад үзэхэд бидний судалгаа хийж буй, онцолж ялгаж байгаа хогнууд нь нийт хогийн 70-80 хувийг эзэлж байна. Эндээс бид хог дахин боловсруулах ЖДҮ-ийг амжилттай эхлүүлж чадвал хангалттай нөөц байна гэдэг нь харагдаж байгаа юм. Цаашлаад бид ЖДҮ-ээ байгуулахдаа хог хаягдлаа түүхий эд хэлбэрээр нь бэлтгэн Улаанбаатар хот руу нийлүүлэх үү, эсвэл өөрсдөө эндээ дахин боловсруулалт хийх боломжтой юу гэдгийг тодорхойлох юм. Манай аймагт хогийн цэг дээр нь ажиллаж нөөцийг тогтоох судалгаа өмнө нь хийж байгаагүй. Ер нь ажлыг дэмжээд, эрчимтэй ажиллуулж чадвал Баруун-Урт сум хоггүй болох, цаашлаад байгаль орчинд маш олон талын эерэг үр дүн гарах юм. Энэ ажлын дараагаар албан газруудаас гарч буй цагаан цаас болон авто машины хаягдал маслоны нөөц тогтоох судалгааг хийхээр төлөвлөж байна”гэлээ.

Сүхбаатар хөгжил ҮТП-аас олон ЖДҮ-ийн төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа. Тун удахгүй толгой шийр, арьс шир, хаягдал яс боловсруулах төслүүд хэрэгжиж эхлэнэ. Зарим төсөл болон төсөл хэрэгжүүлэгчид нь дэмжигдсэн, одоогоор санхүүжилт хүлээгдэж байгаа аж. Эдгээр төслийг хэрэгжүүлэхийн тулд мөн дээрхтэй адил судалгаа хийжээ. Ер нь аливаа төслийг хэрэгжүүлэхийн тулд судалгаа маш сайн хийсэн байх шаардлагатай гэсэн зарчмыг ҮТП-ын хамт олон барьж байгаа бөгөөд судалгаа сайн хийвэл төсөл цааш амжилттай үргэлжлэх боломжтой байдгийг тэд онцолж байна.
Т.Одончимэг
関連ニュース