Багш нарыг сургалтын хэрэглэгдэхүүнээр хангажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-09-07 10:58:30
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Баруун-Урт сумын Гуравдугаар бүрэн дунд сургуулийн багш нар хичээлийн хэрэглэгдэхүүнээр хангагджээ. Ингэснээр байгуулагдсан цагаасаа хойш таван жилийн хугацаанд самбар, шохойноос өөр хэрэглэгдэхүүнгүй байсан тус сургуулийн багш нар сургалтын үйл ажиллагааг илүү сайн явуулах боломж бүрдэж, цаашлаад сурагчдын сурах үйл явцад олон талын ач холбогдолтой гэдгийг хэлж байна.

Энэ нь аймгийн Засаг даргын захирамжийн дагуу 15  сая төгрөгийн дэмжлэгтэйгээр олгожээ.
Хими, биологи, биеийн тамир, газар зүй, дүрслэх урлаг, эмэгтэй технологи гэсэн зургаан хичээлийн, олон нэр төрлийн хэрэглэгдэхүүн иржээ. Сургуулийн захиргааны зүгээс багш нараасаа санал авсны үндсэн дээр эдгээр хичээлүүдийг сонгосон байна.

“Манай сургууль байгуулагдаад зургаа дахь шинэ хичээлийн жилтэйгээ золгож байна. Энэ удаад манай хамт олон сурах орчин нөхцөлөө сайжруулсан, сургалтын материаллаг бааз бэхэжсэн амжилтаар шинэ хичээлийн жилээ эхлүүлж байна. Өнгөрсөн хугацаанд багш нар маань зөвхөн самбар шохой, тараах материалын хүрээнд сургалтын ажлаа явуулж ирсэн. Бид шаардлагатай хэрэглэгдэхүүнтэй болохыг зорьсон боловч санхүүгийн асуудал хүнд байлаа. Аймгийн засаг даргад удаа дараа санал тавьсны үр дүнд өнгөрсөн хавар засаг даргын захирамж гарч, улмаар сая санхүүжилт шийдэгдлээ. Ингэж шаардлагатай хэрэглэгдэхүүнээр хангагдсанаар олон эерэг үр дүн гарна гэж бодож байна. Багш нар төдийгүй сурагчид их баяртай байгаа.” гэж сургуулийн захирал Ч.Алтаннавч хэллээ.


Харин эмэгтэй технологийн багш М.Эрдэнэтуяа хэлэхдээ “Манай кабинет найман оёдлын машин, хоёр хэрээсний машин, таван индүү, метр, хайрч гэх мэт багажтай боллоо. Технологийн хичээлд зориулалтын багаж, тоног төхөөрөмж зайлшгүй шаардлагатай байдаг. Өнгөрсөн хугацаанд ямар ч хэрэглэгдэхүүнгүй явж ирсэн. Сурагчдад оёдлын машин дээр ингэж ажиллана гэж ярихаас илүүтэй өөрсдөөр нь бодитоор үзүүлж, дадлага хийлгэвэл сургалт илүү дүнтэй болно.” гэв.

Баруун-Урт сумын Гуравдугаар БДС-д 2018-2019 оны хичээлийн жилд 25 бүлэгт 788 хүүхэд суралцаж байна.
Т.Одончимэг
関連ニュース