Шатахууны үнэ 10-50 хүртэлх төгрөгөөр нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-09-12 10:15:03
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймагт энэ сарын 07-ны өдрөөс шатахууны үнэ нэмэгджээ. Өөрөөр хэлбэл шатахуун төрөл тус бүрдээ литр тутамд 10-50 төгрөгөөр нэмэгдсэн байна. 09 дүгээр сарын 12-ны байдлаар бензин А80-1810, А92-1970, А95-2180, дизель түлш 2290 төгрөгийн ханштай байна. 

"Аймгийн хэмжээнд анх Тэс петролиум шатахууны үнээ нэмсэн. Тиймээс үүнийг дагаад Петровис ХХК 09 дүгээр сарын 08-наас үнээ нэмээд байна.  Одоогоор манайх болон МТ ШТС-ын үнэ адилхан байгаа. Мэдээж шатахууны нэмэгдэлд олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Цаашдаа ч дахин нэмэгдэх хандлагатай байна." гэж Петровис ХХК-ийн Сүхбаатар нефть хангамжийн салбарын борлуулалтын менежер Э.Эрдэнэсүх ярилаа. 

Мөн тус аймагт энэ сарын 01-нээс хот хоорондын зорчигч тээврийн автобусны үнэ нэмэгдсэн. Сүхбаатар Улаанбаатар чиглэлийн зорчих тасалбар 27500 болж өмнөхөөс 6400 төгрөгөөр нэмэгдсэн байна. 

“Анх Сүхбаатар–Улаанбаатар чиглэлийн автобусны үнэ 26000 байсан. Манай аймаг ганцаараа бусад аймгаас түрүүлж үнээ бууруулж, улмаар өнөөг хүртэл 21400 төгрөгөөр явж ирсэн. Харин энэ оны 09 дүгээр сарын 01-нээс эхлэн ЗДХЯ-ны сайдын тушаалаар нэмэгдээд байна. Үүнд мэдээж төрийн албан хаагч, багш нарын цалин хөлсний нэмэгдэл нөлөөлсөн.” гэх тайлбарыг аймгийн Авто тээврийн төвийн дарга Б.Отгонбаяр өглөө.

 
Т.Одончимэг
関連ニュース