ӨМНӨГОВЬ
ӨМНӨГОВЬ: Тэмээчдийн улсын зөвлөгөөн эхэллээ
Өмнөговь/МОНЦАМЭ/  Өмнөговь аймагт 2022 оны 12 дугаар сарын 16,17-ны өдрүүдэд Тэмээчдийн улсын зөвлөгөөн, хурдан тэмээний уралдаан зохион байгуулна. Өнөөдөр Тэмээчдийн улсын зөвлөгөөн “Говийн байгаль” түүхийн музейд эхэллээ. Улсын зөвлөгөөнд Өмнөговь, Дундговь, Дорноговь, Баянхонгор, Өвөрхангай аймгийн тэмээчид, төр, төрийн бус байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид нийт 112 хүн оролцож, тэмээн сүргийг өсгөх, ашиг шим, амьдын үнэлэмжийг нэмэгдүүлэх сэдвээр туршлага солилцон, зөвлөлдөж байгаа юм. Өмнөговь аймаг 2021 оны жилийн эцсийн байдлаар 160,6 мянган толгой тэмээ тоолуулсан нь улсын нийт тэмээн сүргийн 35,5%-ийг эзэлжээ.  Тухайн зөвлөгөөний үеэр тэмээний ашиг шимт бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг Говийн байгаль, түүхийн музейн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулж байна.  Нутгийн хишиг хөтөлбөрийн хүрээнд ботгоны мөнгөн урамшуулал олгох, тэмээний төрөлжсөн эмнэлэг, тэмээ судлалын төв байгуулах, тэмээний баяр болон бусад эвент арга хэмжээг аялал жуулчлалтай холбох, тэмээгээ өсгөх, тэмээн соёлоо түгээн дэлгэрүүлэхэд онцгойлон анхаарч ажиллаж байгаагаа аймгийн Засаг дарга онцоллоо.  Мал аж ахуйн салбарт баримтлах бодлого, үйл ажиллагаа, Монгол тэмээ судлагаа шинжилгээний ажил, цаашдын зорилт, "Буурын бохины судалгааны ажлын үр дүн,Ингэний сүүн ашиг шим зэрэг сэдвүүдээр Монгол улсын зөвлөх, мал зүйч, судлаач, докторууд, мөн харьяа яамны холбогдох газрын мэргэжилтэн шинжээч нар илтгэл тавьлаа. Тус зөвлөгөөнөөс мөн хурдан тэмээ уяачдад цол олгох журмын төслийг танилцуулж, хэлэлцүүлэг санал асуулга явагдах бөгөөд зөвлөгөөнөөс зөвлөмж гарч танилцуулагдах юм.  
469 өдөр
ӨМНӨГОВЬ: Хөнгөн атлетикийн баг тамирчид багийн дүнгээр IV байр эзэлжээ
Өмнөговь/МОНЦАМЭ/        Монголын бүх ард түмний улсын анхдугаар спартакиадыг  анх 1946 онд Ардын  хувьсгалын 25 жилийн ойгоор хөнгөн атлетик, волейбол, хөл бөмбөг, дугуй зэрэг спортын 10 гаруй төрлөөр зохион байгуулж байжээ.Энэ жилийн монголын бүх ард түмний спортын XV их наадмыг улсын хэмжээнд гурван үе шаттайгаар олимпын 16, олимпын бус хоёр, оюун ухааны хоёр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зургаан төрлөөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж 21 аймаг, есөн дүүргийн 4500 гаруй баг тамирчин 561 багц медалийн төлөө өрсөлдсөн юм.  Монголын бүх ард түмний спортын наадам нь иргэдийг биеийн тамир, спортоор хичээллүүлэх, эрүүл чийрэг иргэнийг төлөвшүүлэх, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, Олимпын шигшээ багуудыг бүрдүүлэхэд онцгой ач холбогдолтой үйл ажиллагаа юм. Тус наадамд Өмнөговь аймгийн баг тамирчид амжилттай оролцож 1 хүрэл медаль,  “Улсын аварга” шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээний 5 алт, 8 мөнгө, 6 хүрэл медаль  хүртэж багийн дүнгээр шагналт IV байрыг  эзэлсэн байна. Амжилт гаргасан биеийн тамирын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн хөнгөн атлетикийн багш дасгалжуулагч Г.Сайнхүү болон тамирчин сурагчдыг Даланзадгад сумын Засаг дарга Х.Батболд хүлээн авч уулзлаа. “Монголын бүх ард түмний XV их наадам”-д  оролцож амжилт гаргасан тамирчдыг урамшуулан сумын “Эрүүл иргэн-Хөгжлийн тулгуур” хөтөлбөрөөс хөнгөн атлетикийн тамирчин сурагчдад нэн шаардлагатай  байсан “Adidas” фирмийн “Шифи”-г гардуулан өгч амжилт хүслээ. Тухайн наадмыг 2023 онд зохион байгуулах эрхийг Биеийн тамир спортын улсын хорооноос Орхон аймагт олгожээ. 
470 өдөр
ӨМНӨГОВЬ: ГБХЗХГ-ын хамт олон мюзикл жүжигт тогложээ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ мюзикл жүжигт тогложээ. Тус хамт олон гэр бүл, хүүхдийн аливаа төрлийн хүчирхийлэл,  эрхийн зөрчил, бага насны хүүхдийн цахим хэрэглээ, өсвөр насныхны үе тэнгийн дээрэлхэлтийн талаарх ойлголт мэдээллийг сонирхолтой хэвшмэл бус хэлбэрээр олон нийтэд хүргэхийг зорьсон байна. “Хөшгөө нээ” нэртэйгээр тоглогдож байгаа  мюзикл нь мэргэжлийн хүмүүсийн нүдээр, орчин цагийн гэр бүлийн асуудал хүүхдийн хүмүүжил төлөвшилд хэрхэн нөлөөлж байгааг хөндөж чадсан юм. Тодруулбал жүжигт тухайн байгууллагын дарга, үйлчлэгч, нярав, жолооч нар бүгд оролцож өөр өөрсдийн дүрээр нийгмийн анхаарал татсан хөндүүр сэдвийг хөндөн хамгийн ойлгомжтойгоор гарган харуулахыг эрмэлзжээ. Хамт олноороо зохиол болон дууныхаа үгийг зохиож аймгийн ХЖТ-ийн найруулагч Гаябазарын  Амартүвшин найруулга хийж 2022 оны 11-р сарын 13-14-ний өдрүүдэд Ёл кино театрт  тоглолтоо  өргөн барьж байна. Энэхүү мюзикл жүжигт алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцон тоглосон, байгууллагынхаа үйл ажиллагааг сурталчилсан төдийгүй, эцэг эх, асран хамгаалагч, өсвөр үеийнхэнд гэр бүлийн харилцаа, хүүхэд хүмүүжлийн чиглэлээр урьдчилан сэргийлэх   өргөн мэдлэг мэдээлэл өгсөн ач холбогдол өндөр анхдагч түүхэн үйл явдал боллоо.
471 өдөр
ӨМНӨГОВЬ: Ирэх онд 8 цэгт шинээр 4G сүлжээг оруулна
Өмнөговь /МОНЦАМЭ/ "Нутгийн хишиг 2024" мөрийн хөтөлбөрийн хүрээнд 2022 онд Өмнөговь аймгийн хэмжээнд алслагдсан бүс нутгуудад 26 цэгт үүрэн сүлжээний 4G үйлчилгээг оруулахаар 4,6 тэрбум төгрөгийн төсвийг батлан төлөвлөгөөт ажлуудыг эхлүүлжээ. Одоогоор 20 цэгт 4G сүлжээг бүрэн суурилуулж дууссан байна.  Орон нутгийн Мэдээллийн технологийн үйлчилгээ үзүүлэгч “Говийн анир” ХХК  нээлттэй тендэр шалгаруулалтанд тэнцэж 12 цэгт 4G үүрэн сүлжээний дэд бүтэц, нарны зайн системийн угсралтыг хийхээр гэрээ байгуулан ажиллаж байна.Алслагдсан хөдөөгийн нутаг дэвсгэр, багийн төвийг холбоожуулах, мэдээлэлжүүлэх зорилтыг батлан хэрэгжүүлж  малчид хөдөө хонины бэлчээр дээрээсээ интернет сүлжээнд холбогдож дэлхий дахины мэдээллийг цаг хугацаа хоцрохгүйгээр авах, сургуулийн болон сургуулийн өмнөх насны хүүхдүүд алсын зайнаас боловсролыг эзэмших, малчид жи пи эс-д холбогдож мал сүргээ хянах, цаг агаарын мэдээг тухай бүрт нь авах зэрэг олон талт ач холбогдолтой юм.Ирэх 2023 онд 8 цэгт шинээр 4G сүлжээг тавьбал Өмнөговь аймаг бүрэн сүлжээнд холбогдож дуусна. Ингэснээр Монгол улсын хэмжээнд анхны 4G сүлжээнд бүрэн хамрагдсан аймаг болж байгаа юм. 
473 өдөр
ӨМНӨГОВЬ: Сувилагчдыг орон нутагтаа чадавхжуулж, сурган бэлтгэж байна
 Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн хэмжээнд сувилагч мэргэжлийн хүний нөөц дутагдалтай байгаа юм. Үндэсний статистикийн хорооны 2021 оны судалгаагаар нэг сувилагчид ногдох хүний тоо улсын дунджаар 244 байгаа бол Өмнөговь аймагт 375 буюу улсдаа тэргүүн эгнээнд орж байгаа тоон мэдээлэл гарчээ.   Өмнөговь аймгийн хэмжээнд өнөөгийн байдлаар 250 гаруй сувилагч, тусгай мэргэжилтэн ажил үүргээ гүйцэтгэж байна.  Сувилагч мэргэжилтний хүний нөөц дутагдалтай байгаа энэ цаг үед Өмнөговь аймгийн удирдлага, эрүүл мэндийн мэргэжилтнүүд бодлогын түвшинд арга хэмжээ авч  орон нутагтаа сувилагчдыг бэлтгэж эхлээд байгаа билээ. Аймгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газрын хамтын ажиллагааны гэрээний дагуу 2022-2023 оны хичээлийн жилд орон нутагт Сувилахуйн салбар сургуулийн тусгай шалгуурын шаталсан бакалаврын хөтөлбөр, ажлын байранд сувилагч мэргэжлийг эзэмшүүлэх сургалт танхимаар болон цахимаар амжилттай зохион байгуулагдаж байна.Тус сургуульд одоогоор 10 суралцагчид орон нутагтаа, зардал багатайгаар сувилахуйн шинжлэх ухааны онолын мэдлэг, дадлагажих хөтөлбөрөөр мэргэжлийн ур чадваруудыг эзэмшиж байгаа юм.  Сувилагчаар суралцагчид сурлагын голч дүнгийн болзолт шалгуур үзүүлэлтийг хангаж, амжилттай суралцсан тохиолдолд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжуудыг олгож байна. 
478 өдөр
ӨМНӨГОВЬ: Ирэх онд хөгжлийн бэрхшээлтэй иргэд стандарт хангасан шинэ байртай болно
Өмнөговь /МОНЦАМЭ/ Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Даланзадгад суманд “Бэрх биш-Ээлтэй Өмнөговь” нэгдсэн цугларалтыг зохион байгууллаа.Тус өдөрлөгийг угтан Нийгмийн бодлогын хэлтсээс санаачлан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн салбар зөвлөлтэй хамтран тус өдөрлөгийг зохион байгуулсан юм. ХБИ-ийн салбар зөвлөл хийсэн ажлаа тайлагнаж гишүүдийнхээ санал хүсэлтийг хүлээн авч ирэх онд хийх ажлыг хэлэлцэн төлөвлөжээ.  Өмнөговь аймгийн хэмжээнд 2197 иргэн ХБИ-ийн Өмнөговь дахь холбоонд бүртгэлтэй байдаг. Энэ онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, оролцоо, нийгмийн хамгааллын үйл ажиллагааг орон нутгаас бодлогоор дэмжин ажиллаж, ТББ-уудын үйл ажиллагааг чадваржуулан төрийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх боломж нөхцлөөр хангаж, нийгмийн оролцоо, амьжиргааг дээшлүүлэх зорилгоор олон талт үр дүнтэй ажлуудыг санаачлан зохион байгуулж ажиллажээ. Тухайлбал "Залуус" хөтөлбөрөөрөө санхүүжүүлэн ХБИ-дэд "Хувийн туслах" үйлчилгээг амжилттай хэрэгжүүлсэн байна. Тус үйлчилгээг 2023 онд мөн үргэлжлүүлэн хүргэх юм.Мөн “Энержи ресурс” ХХК хөгжлийн бэрхшээлтэй 30 гаруй иргэний нийгмийн даатгалыг төлж байгаа бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асран хамгаалдаг 40-н ээжийн нийгмийн даатгалыг ЗДТГ-аас 2 жилийн хугацаатайгаар төлж байгаа юм. Мөн Даланзадгад сумын ерөнхий боловсролын гурван сургуульд лифт буюу өргөгч механизмыг чанар стандартын дагуу хийж гүйцэтгэх төлөвлөгөөний дагуу 2 сургуульд бүрэн хийж дууссан бөгөөд үлдсэн 1 сургуульд гүйцэтгэл хийх ААНБ-ын сонгон шалгаруулалт одоогоор хийгдэж байгаа билээ. Харин 2023 онд аймгийн төсөвт 3.5 тэрбум төгрөг суулгаж ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан мэргэжлийн чанар стандартад нийцсэн орчин цагийн "Жавхлант" төвийг барих таатай мэдээгээр эрхийг нь хамгаалах өдрөөр бэлэг барьжээ.Энэ нь ХБИ болон эцэг эх, асран хамгаалагч, төрөл саданд нь таатай орчин нөхцөл бүрдэж байгаа юм. Тус төвөөс Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, Ахмад настнууд өөрт хэрэгтэй цогц үйлчилгээгээ авах боломжийг бүрдүүлэн ажиллахаар төлөвлөжээ. Тухайн өдөрлөгийн үеэр ХБИ өөрсдийн хийсэн бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа.
480 өдөр
ӨМНӨГОВЬ: Дэлхийн аваргын тэмцээнээс тамирчид 11 медаль хүртжээ
Өмнөговь/МОНЦАМЭ/ Унгар улсын Будапешт хотод 2022 оны 12 дугаар сарын 03-04-ний өдрүүдэд “Hungurian Sport Kempo Federation” холбооноос зохион байгуулсан холимог тулаан, кик боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Юлтимкс холимог тулааны тамирчин ЕБ-ийн 3-р сургуулийн 11в ангийн сурагч Рэнчинсэнгийн Эрхэмбаяр холимог тулааны 16-17 насны 58кг жингийн төрөлд алтан медаль, Кик боксын төрөлд алтан медаль, Жюү жицүгийн төрөлд алтан медаль, No ginii төрөлд алтан медаль, Юлтимкс холимог тулааны холбооны багш, дасгалжуулагч Нарантуяагийн Тайван-ертөнц Кик боксын төрөлд алтан медаль, Холимог тулааны төрөлд мөнгөн медаль, Жюү жицүгийн төрөлд мөнгөн медаль, No ginii төрөлд хүрэл медаль хүртсэн бол Юлтимкс холимог тулааны тамирчин Цолмонгийн Эрдэнэбаяр Кик боксын 71 кг жингийн төрөлд алтан медаль, Холимог тулааны төрлөөр мөнгөн медаль, Жюү жицүгийн төрлөөр хүрэл медаль хүртсэн бахархам амжилт гаргаж Өмнөговь аймгаа төдийгүй Монгол улсынхаа нэрийг өндөрт өргөж тугаа мандуулан төрийн дуулалаа эгшиглүүллээ.Өмнөговь аймгийн "Юлтимакс" холимог тулааны холбоо нь 2022 онд тасралтгүй бэлтгэл сургуулилтаа хийж хүүхэд залуусыг бэлтгэн бүс нутаг, олон улсын болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилттай оролцож нийтдээ 53 медалийг сум орон нутагтаа авчраад байгаа юм.
480 өдөр