Математикийн олимпиадыг Өмнөговь аймагт анх удаа зохион байгуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬДаланзадгад,
2024 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Монголын математикийн 60 дугаар олимпиадыг Өмнөговь аймгийн
Даланзадгад суманд анх удаа зохион байгуулж байна.
Тус математикийн 60 дугаар олимпиадад 21
аймаг, 9 дүүргийн багш, 10, 12 дугаар ангийн сурагчид нийт 230 гаруй математикчид
оролцож гурван ангиллаар өрсөлдөж байна.
Бодлого бодолт 2 өдөр үргэлжилж, нийт 9
цагт 6 бодлогыг амжилттай бодсоноор аваргуудаа тодруулна. Шалгарсан хүүхдүүд
олон улсын олимпиадад оролцох эрхээ авна.
Монголын математикийн улсын олимпиадыг анх 1960 онд ардын багш Ш.Шагдар, Д.Ишцэрэн нарын санаачилгаар Улаанбаатар хот дотор зохион байгуулж байсан бол 1965 оноос ардын боловсролын яамны тогтоолоор улсын хэмжээнд өргөжүүлэн үе шаттайгаар зохион байгуулж ийнхүү 60 жилтэйгээ золгож байна.
Математикийн 60 дугаар олимпиадыг тэгш ойн дээр нь Өмнөговь аймагт анх удаагаа зохион байгуулж, нээлтийн үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 2-ны өдөр зохион байгууллаа.
Монголын ирээдүй болсон хүүхэд, залуусыг оюуны их спорт, математикийн шинжлэх ухааныг шимтэн суралцах, амжилт гаргах, ур чадвараа дээшлүүлэхэд дэм болох зорилгоор зохион байгуулдаг тус олимпиадад Өмнөговь аймгаас 4 багш, 8 сурагч оролцож байна.
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж:
-Өнөөдөр их чухал өдөр байна. Монголын математикийн 60 дугаар олимпиадыг анх удаа Өмнөговь аймагт зохион байгуулж байна. Манай үе үеийн математикчид, багш сурган хүмүүжүүлэгчид, сурагчид үнэхээр баяртай байна. Тус аймагт олимпиадыг зохион байгуулах эрхийг олгосон Монголын математикийн хорооны удирдлага, хамт олон нутгийн зон олны өмнөөс талархал илэрхийлье. Бид орон нутгийнхаа сурагч, багш нарын математикийн боловсролыг дэмжин ажиллаж байна. Өмнөговь аймгийн хувьд МУГБ М.Банзрагч агсны нэрэмжит говийн бүсийн математикийн олимпиадыг орон нутагтаа 2022 оноос хойш тогтмол зохион байгуулж уламжлал болгоод байгаа юм.
Монгол Улсын Гавьяат багш Б.Равжир:
-Өмнөговь аймагт математикийн олимпиад болж байгаад баяртай байна. Иргэн хөгжилтэй бол улс хөгжилтэй гэдэг. Тэртээ 1993 оны үед говийн бүсийн математикийн олимпиадыг анх зохион байгуулж байлаа. Энэ олимпиадад математикт хүсэл сонирхолтой, сэтгэлгээ өндөртэй хүүхдүүд оролцдог байлаа. Энд амжилт гаргаж байсан хүүхдүүд одоо багш, эрдэмтэн, инженерүүд болоод амжилттай явна. Энэ цаг үеэс улсын математикийн улсын олимпиадыг Өмнөговь аймагтаа хийх юмсан гэж бодож мөрөөдөж явсан. Харин энэ мөрөөдөл биелж байна.
Математикаар хичээллэснээр сэтгэн бодох, бүтээлч сэтгэлгээ нэмэгдэх зэрэг олон чадварыг эзэмшдэг. Дэлхийд нээгдээгүй маш олон шинжлэх ухааны нээлтүүдийг нээх бүрэн боломж байгаа гэж үздэг. Математик бол бүх шинжлэх ухааны хаан юм.