Үл хөдлөх эд барьцааны тухай хууль Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2015-12-10 12:43:23

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэх цэцийн дүгнэлтийг хэлэлцээд хүлээж авах боломжгүй гэж үзлээ. 

УИХ-аар долдугаар сард баталсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд иргэдийн газрыг үл маргах журмаар нотариатаар гэрчлүүлсэн гарын үсгийг үндэслэн дуудлага худалдаанд оруулах боломжтой байх зохицуулалт тусгасан. Энэ нь иргэд газраа барьцаалж, орон сууцны хэмжээнд үнэлүүлэн зээл авах боломжоор хангахад зориулсан гэж тайлбарладаг. Гэвч нэр бүхий иргэд энэ заалт нь Үндсэн хуулиар баталгаажсан иргэний шударга шүүхээр шүүгдэх, үл хөдлөх өмчлөх эрхийг зөрчиж байгаа гэсэн маргааныг Үндсэн хуулийн Цэцэд гаргасан юм. Цэц мөн энэ нь Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзэн 2015 оны 15 дугаар дүгнэлт гарган, УИХ-д өргөн барьсан. УИХ дахь МАН-ын бүлэг болон бие даагчид ч мөн иргэний эрхийг зөрчсөн, иргэдийн газрыг шууд хурааж авч, хэн ч өмчилж болох байдалд оруулна гэж үзэн дүгнэлтийг хүлээн авахыг шаардаж байсан юм.  

Харин УИХ-ын Хууль зүйн байнгын хороо уг дүгнэлтийг хэлэлцээд хүлээж авах боломжгүй гэж үзсэн. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд байнгын хороо дээрх саналаа өнгөрөгч долоо хоногт хэлэлцүүлэх байсан ч МАН-ын бүлэг завсарлага авснаар өнөөдрийг хүртэл хойшлоод байсан. Завсарлагын хугацаа дууссан учир өнөөдөр нэгдсэн хуралдаанаар байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй зургаан саналаар санал хурааж, гишүүдийн 72.3 хувийн саналаар Цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Үүнтэй холбогдуулж гарах УИХ-ын тогтоолын төслийг Үндсэн хуулийн цэцэд хүргүүлэхээр болов.

Н.Туяа

Холбоотой мэдээ