ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээний хугацааг сунгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2018-09-13 17:01:12
twitter.com/Nyamkanmk
БРЮССЕЛЬ. /TASS/. ЕХ-ноос ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээний хугацааг зургаан сараар сунгалаа гэж Европын Зөвлөлийн хэвлэлийн алба мэдэгдлээ.

Хориг арга хэмжээний үндсэн хугацаа энэ сарын 15-нд дуусах байжээ.

“Украины тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн эрхт байдлыг сулруулж, заналхийлсэн үйл ажиллагаа явуулсантай холбогдуулан ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг Европын Зөвлөл зургаан сараар буюу ирэх оны гуравдугаар сарын 15 хүртэл сунгалаа. Энэхүү хориг арга хэмжээнд 155 хувь хүн, 44 аж ахуйн нэгж хамрагдаж байна” гэж мэдэгдэлд дурджээ.

Үүний зэрэгцээ хориг арга хэмжээний тухай хууль эрх зүйн актуудыг Европын Зөвлөл баталсан бөгөөд баримтыг маргааш буюу 14-нд ЕХ-ны албан ёсны сэтгүүлд нийтлэх болно гэж мэдэгдлээ.

ЕХ-ны гишүүн 28 орны байнгын төлөөлөгчид энэ сарын 5-нд хуралдаж, хориг арга хэмжээг сунгах шийдвэрийг гаргажээ.
 
Д.Нямтулга
Холбоотой мэдээ