Хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлэхээр тохиролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2018-09-14 18:14:53
БЭЭЖИН. /Синьхуа/. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И болон Францын Гадаад хэргийн сайд Жан-Ив Ле Дриан нар Бээжин хотноо яриа хэлэлцээ хийж, олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлэхээр тохиролцсон байна.

Ирэх онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой болон Франц улсад ажиллах хийгээд суралцах хөтөлбөр хэрэгжиж эхэлсний 100 жилийн ой тус тус тохионо гэж Ван И уулзалтын үеэр онцлон тэмдэглэжээ.

“Манай улс Францын талтай “Бүс ба Зам” санаачлагыг хэрэгжүүлэх хийгээд олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байна” гэж Хятадын гадаад хэргийн сайд тэмдэглээд, “Олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхий нийтийн засаглалыг сайжруулах, дэлхийн энх тайван, хөгжил дэвшилд түлхэц үзүүлэхэд хувь нэмрээ оруулахыг талуудад уриалж байна” гэж нэмж хэлсэн байна.

Франц улс Хятад улстай бүх салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, “Бүс ба Зам” санаачлагыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа Жан-Ив Ле Дриан илэрхийлжээ.
Э.Хулан
 
Холбоотой мэдээ