ДАРХАН-УУЛ: Энэ онд сүрьеэ өвчний 67 тохиолдол бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-12-25 16:12:17

Дархан, 2025 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд сүрьеэ өвчний халдвар, тархалтын байдлаар эхний гуравт бичигддэг аймгийн тоонд багтдаг. Хүн ам олноор суурьшсан, дамжин өнгөрөх автозам, төмөр зам хөгжсөн, шилжин ирэх иргэдийн тоо жил бүр нэмэгддэг нь нэг шалтгаан болдог байна.


Тухайлбал 2025 оны 11 сарын байдлаар сүрьеэ өвчний 67 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10 тохиолдлоор буурсан үзүүлэлттэй байна.



Нас, ажил, мэргэжлийн байдлаар авч үзвэл 16-45 насныхан 56 хувь, зургаан хувь нь эмчийн магадалгаатай буюу группт, 49 хувь нь ажилгүй, 62 хувь эрчүүд, нийтийн алба хашиж буй ажилтнуудаас бүртгэгдээгүй, бүрэн болон бүрэн бус дунд боловсролтой иргэд зонхилон сүрьеэгийн халдвар авсан судалгаа бий гэдгийг ЭМГ-ийн сүрьеэгийн зохицуулагч эмч Б.Цэрмаа тодотгож байна.



Сүүлийн арван жилд сүрьеэгийн тархалт өндөртэй аймгуудаас тэргүүн эгнээнд байсан бол энэ жил зургаадугаарт бичигдсэн нь тохиолдлыг илрүүлэх, эмчлэх, эдгэрэх, иргэдийн тухайн өвчнийг ялан дийлэх сэтгэл зүй нэмэгдсэн гэж үзэж байна.


Жилийн эцсийн дүн мэдээ 12 дугаар сарын сүүлээр гардаг аж. Хүйтний улирал буюу 12-3 дугаар сарын хооронд өвчлөл нэмэгдэх хандлагатай байдаг нь олон жилийн тандалт, судалгаа, бүргэгдэж буй байдлаас ажиглагджээ.


Сүрьеэ өвчин нь эдгэрдэг өвчин, хамгийн чухал нь эмчийн зааврын дагуу эмийг тогтмол хэрэглэх, давтамжтай үзлэг, шинжилгээнд хамрагдах нь чухал гэдгийг ЭМГ-ын мэргэжилтэн зөвлөж байна.



Урд өмнө нь төв суурин газарт зонхилон тохиолдож байсан бол энэ онд бүртгэгдсэн зарим тохиолдлууд нь хөдөөгийн малчин өрхөд илэрсэн нь тархалт хүрээгээ тэлсэн нь ажиглагдаж байна.



Аймгийн хэмжээнд Дархан сумын 7,8,15 дугаар баг, сумдаас Хонгор сум сүрьеэгийн өвчлөлөөр дээгүүрт бичигддэг аж. Сүрьеэгийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа иргэд орчныг сайжруулах тал дээр анхаарал хандуулж өгөхийг хүсдэг боловч төсөв санхүүгийн байдлаас шалтгаалан хэвтэн эмчлүүлэхэд таатай орчныг бүрдүүлж өгч чаддаггүй байна.


Мөн сэтгэл зүйн зөвлөгөө өгөх мэргэжлийн сэтгэл судлаач байх ёстой хэдий ч өнөөдрийн байдлаар тус тасагт орон тоо байхгүй, эмч бүхэн сэтгэл засалч байх гэсэн зарчмаар ажиллаж байна.

 

Холбоотой мэдээ