УИХ, Засгийн газрыг огцрох хүртэл суулт хийхээ мэдэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-12-10 14:22:16

УИХ-ын Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг шаардаж улс төрийн 21 намын төлөөлөл, гишүүд дэмжигчид Тусгаар тогтнолын талбайгаас Чингисийн талбай хүртэл жагсав.

Жагсагчид “Хар машины луйваргүй шударга сонгуулийн төлөө” уриан дор жагсч байгаа бөгөөд сонгуулийн саналыг гараар давхар тоолохыг шаардсан лоозон барьжээ. Тэд Тусгаар тогтнолын талбайгаас хөдлөхдөө санал тоолох “хар машин”-ыг шатаасан юм.

Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 21 нам хамтран Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлсэн. Гэвч уг хуулийн төслийг өнөөг хүртэл хэлэлцээгүй. 2016 оноос өмнө УИХ Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж чадахгүй бол ирэх оны УИХ-ын сонгуулийг 2011 онд баталсан хуулиар зохион байгуулах юм. Үүнийг дээрх намууд эсэргүүцэж байгаа бөгөөд автомат машинаар саналын хуудсыг тоолсон нөхцөлд гараар давхар тоолж, камераар бичиж баталгаажуулах ёстой. Ингэж байж өнгөрсөн хугацаанд гарсан эргэлзээг тайлна гэсэн байр суурьтай байна хэмээн МАН-ын Нийгмийн ардчилал, Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч Г.Тэмүүлэн хэллээ.

Тэрбээр, “21 намын төлөөлөл хоёр хоногийн өмнө буюу энэ сарын 08-нд УИХ-ын даргад Сонгуулийн тухай хуулийн төслийг нэн яаралтай хэлэлцүүлэх шаардлага хүргүүлсэн. Уг шаардлагын хариуг өнөөдөр 12.00 цагаас өмнө ирүүлэхийг хүссэн боловч одоог хүртэл албан ёсны хариу ирээгүй байна.

Бидний шаардлагыг хүлээн авч, өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэхгүй бол бид УИХ, Засгийн газрыг огцрох хүртэл улс төрийн суулт хийх болно” хэмээв.

Ийнхүү жагсагчид УИХ-ын даргад хүргүүлсэн шаардлагынхаа хариуг авах хүртэл суулт хийхээр болж, Үндэсний түүхийн музейн өмнө гэр барив.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ