“Apple” дэлгэцийн үйлдвэрээ Тайваньд нээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
jargal@montsame.mn
2015-12-15 15:16:50

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн “Apple” корпораци төхөөрөмжүүддээ суурилуулах шинэ дэлгэцүүдийг бүтээх нууц лабораторийг Тайваньд нээсэн тухай “Bloomberg” агентлаг мэдээлжээ.

Тус агентлагийн мэдээлснээр, Тайванийн хойд хэсгийн Лонгтан аралд оршдог дээр дурдсан лаборатори нь энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа боловч уг үйлдвэрийн талаар албан ёсны мэдээлэл байхгүй байна. Уг үйлдвэрт 50 орчим инженер болон бусад ажилтан ажиллаж байгаа бөгөөд тэдний даалгавар нь “iPhone” ухаалаг гар утас, “iPad” таблед зэрэг “Apple”-ийн төхөөрөмжүүдэд зориулж илүү нимгэн, тод, эрчим хүч бага зарцуулдаг дэлгэж бүтээх шинэ технологи боловсруулах юм гэж “Bloomberg” мэдээлжээ.

Тус үйлдвэрүүдийн инженерүүд “Apple” компанийн одоо төхөөрөмжүүддээ суурилуулж буй шингэн болор дэлгэцийн илүү дэвшилтэт хувилбаруудыг бүтээж байгаа бөгөөд мөн цаашид тус компанийн бүх төхөөрөмжийг органик гэрэл гаргагч диод технологи ашигласан дэлгэцтэй болгох боломжийг судалж байгаа аж. “Bloomberg”-ийн мэдээлж буйгаар, “Apple” өөрийн гэсэн дэлгэцийн үйлдвэрлэлтэй болсноор тус компанид дэлгэц нийлүүлэгч “Samsung”, “Sharp” зэрэг компаниудаас бага хамааралтай болох зорилготой.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ