Ю.Цэдэнбалын нэр төрийг сэргээж байж 100 жилийн ойг нь тэмдэглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2015-12-17 13:11:00

"Эрдэм судлалын төв-Ю.Цэдэнбал Академи" ТББ, "Юмжаагийн Цэдэнбалын гал голомт" хөдөлгөөний тэргүүлэгчид төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсны хүний эрх, нэр төрийг сэргээх болон түүний 100 насны ойг тэмдэглэх талаар өнөөдөр “Монгол ньюс” компанийн Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийв.

Хурал зохион байгуулагчид, 1984 онд Үндсэн хуулийн бус аргаар төрийн эргэлт хийж, нам төрийг тасралтгүй 44 жил удирдсан, эх орны хөгжлийг бүхэлд нь, салбар салбараар нь тодорхой түвшинд хүргэх нөр их ажлыг өөрийн баг хамт олны хамтаар, ард түмнээ уриалан дуудаж, бүтээн байгуулж, босгож чадсан БНМАУ-ын төр засгийн тэргүүнийг гадаадад хугацаагүй цөлсөн хэмээн мэдэгдлээ.

Мөн эрх баригч хүчин буюу МАХН /МАН/ жирийн ард иргэдэд түүний эрүүл мэндийн байдлын талаар зориуд худал мэдээлэл тарааж, өндөр настан, иргэн хүний эх орондоо амьдрах, гавьяаны амралтаа эдлэх эрхийг доройтуулсан. Монгол Улсын иргэний паспортыг нь хураан авч, гэр бүлээр нь хэлмэгдүүлсний илрэл нь түүний үр ач нар өнөөдрийг хүртэл Монол Улсын иргэншил авч чадахгүй эмгэнэлт байдалд хүрчээ. Цэдэнбалын Зориг аль ч улсын иргэншил, паспорт байхгүй 7 жил гадаад улсад харъяалалгүй “хар”-аар амьдарсан байдаг. Эдгээр бусармаг шийдвэр, нөхцөл байдлаас болж, Цэдэнбалын том хүү Владислав иргэний харъяалалгүй, ажил хөдөлмөр эрхлэх, ах дүү төрөл садан, найз нөхдөөсөө хол, эх нутагтаа амьдрах боломжгүй байсаар харийн нутагт учир битүүлэг байдлаар насан эцэслэсэн. Өнөөдөр түүний ач охин Цэдэнбал Анастасия Зориговна өвөө, эмээ, аав, ээжээс эд хөрөнгө өвлөх эрхээ эдлэх боломжгүй байдалд ОХУ-ын нийслэлд жирийн иргэн хүнд олдох ёстой амьдралын наад захын баталгаагүй амьдарч байна. Үндсэн хуулиар хамгаалагдсан Монгол Улсын иргэн хүний эрхийг тухайн үеийн эрх баригч улс төрийн хүчин буюу МАХН /өнөөдрийн МАН/ 1990 оны 3 сарын 14-ний өдрийн МАХН-ын 8 дугаар Бүгд хурлаар санал нэгтэй тогтоол гарган баталж, намын эгнээнээс хөөхдөө хөдөлмөрчдийн нэр барин, Монолын ард түмнээс үнэнийг нууж, хууран мэхэлсэн. Энэ мэтээр энэ хүний эрхийг олон байдлаар ноцтой зөрчиж, хэлмэгдүүлсэн хэмээн онцлов.

Иймд Ю.Цэдэнбалын хүний эрхэд халдсанаа залруулан нэр төрийг нь сэргээхийг "Эрдэм судлалын төв-Ю.Цэдэнбал Академи" ТББ болон "Юмжаагийн Цэдэнбалын гал голомт" хөдөлгөөнөөс өнөөгийн МАН-аас шаардаж байгаагаа мэдэгдлээ. Харин түүний нэр төрийг албан ёсоор сэргээсний дараа нь төр нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбалын 100 жилийн ойг 2016 онд улс орон даяар өргөн тэмдэглэхээр ажиллаж байгаагаа тэд онцлож байв.

Д.Өлзий

Холбоотой мэдээ