Путин: Сирийн хилийг зөрчсөн Туркийн онгоцыг ОХУ сөнөөж болзошгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-12-18 11:01:32

МОСКВА. /NHK/. Туркийн цэргийн нисэх онгоц Сирийн агаарын орон зайд нэвтэрвэл ОХУ устгаж болзошгүй тухай тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин цухас дурдав.

Тэрбээр өчигдөр жил тутмын хэвлэлийн том хурлаа хийсэн бөгөөд үүнд ОХУ болон бусад орны 1000 гаруй сэтгүүлч оролцсон байна.

Ерөнхийлөгч Путин Сирид байрлуулсан ОХУ-ын агаарын хамгаалалтын системийг хөндөж хэлэхдээ, туркууд урьд нь Сирийн агаарын хилийг байнга зөрчиж байсан бол одоо нэг оролдоод үз гэж мэдэгджээ.

Мөн тэрбээр өнгөрсөн сард Туркийн цэргийнхэн ОХУ-ын бөмбөгдөгч онгоцыг сөнөөснийг дурдаад, энэ нь дайсагнасан үйлдэл юм гэж мэдэгдсэн байна.

Одоо байгаа Туркийн удирдагчидтай хэлэлцээ хийх нь бидний хувьд хүндрэлтэй байна гэж Путин мэдэгдэв.

“НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Сирийн тухай тогтоол гаргуулах тухай АНУ-ын төлөвлөгөөг ОХУ дэмжиж байгаа бөгөөд Сирийн асуудлаарх ОХУ-ын төлөвлөгөө зарчмын хувьд АНУ-аас дэвшүүлж буйтай олон талаар адил” болохыг тэрбээр мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ