Залуусын дэвшүүлсэн санааг амьдралд хэрэгжүүлэхэд анхаарахаар болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-12-19 21:39:36

Дорноговь аймгийн ЗДТГ, БСГ, “Залуусын хөгжлийн төв”, “Дорноговь хариуцлагатай манлайлагч клуб” хамтран  энэ сарын 14-нд  “Хөгжил ба залуусын оролцоо” илтгэлийн уралдааныг Сайншанд суманд  зохион байгууллаа.

Уралдааныг аймгийн Засаг даргын ивээл дор  залуусын идэвхи санаачилгыг дэмжих, олон нийтийн оролцоонд суурилсан хөгжлийн гарцыг тодорхойлох, залуусын дуу хоолойг сонсох зорилгоор зохион байгуулсан бөгөөд  нийт 20 орчим илтгэлээс эхний шатанд 10 бүтээл шалгаруулж дараагийн шатанд оролцуулсан байна. Эхний  байрт ШУТИС-ийн оюутан Б.Гомбожав “Аялал жуулчлал Дорноговь аймгийн хөгжлийн тулгуур болох нь”бүтээлээр, удаах байрт архелогич А.Уранжаргал“Дорноговь аймгийнаялал жуулчлалын маршрут” бүтээлээр, гутгаар байрт Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн Э.Булганцагаан “Дорноговь аймгийн брэнд дэлхийн брэнд болох нь” /Ингэний сүү, сүүн бүтээгдэхүүн/ бүтээлээр, тусгай байрт сэтгүүлч Ч.Энхзул, Э.Мөнхсанаа нарын бүтээл шалгарч тус бүр өргөмжлөл  мөнгөн шагналаар шагнуулав.

Уралдаанд оролцсон залуус говь нутагт аялал жуулчлал хөгжүүлэхэд саад болж буй хүчин зүйлүүд хийгээд орон нутгийнхны байнга гаргадаг нийтлэг алдаа, үйлчилгээ, сурталчилгаа зэргийг бодит баримтад тулгуурлаж хөндсөн төдийгүй цаашид хэрэгжүүлэх санаа, гарах гарцыг тайлбарласан юм. Орон нутгаас дээрх  илтгэлийн  уралдаанд шалгарсан бүтээлүүдээр товхимол гаргаж, уралдааныг жил бүр зохион байгуулахаар болсноос гадна аймгийн Засаг даргын дэргэд “Залуусын зөвлөл”-ийг байгуулах талаар судлахаар боллоо.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ